“Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд нуранги үүссэнээс болж 4 залуу амь насаа алдаж, хоёр хүн бэртсэн харамсалтай хэрэг гарсан билээ. 

Хариуцлагагүй уул уурхай, сэтгэлгүй эздийн балагаар амь насаа алдсан залуусын цаана олон хүүхэд өнчрөн үлдэж буй. Эдгээр осолдсон уурхайчдад туслах хандивын аяныг эдийн засагч Л.Наранбаатар санаачлан өрнүүлээд байна.

Уг хандивын дансыг нээснээс хойш энэ сарын 4-12-ны хооронд нийт иргэд, ААН-ээс 33.8 сая төгрөг цугласан ажээ.

Энэхүү олны сэтгэл шингэсэн хандивыг амь насаа алдсан дөрвөн уурхайчны ар гэрт тус бүр зургаан сая төгрөг, гэмтсэн хоёр уурхайчинд тус бүр гурван төгрөг өгөхөөр болсон байна. Мөн ААН-үүд ч хандив өргөж халуун сэтгэлийн гараа сунгажээ. Тухайлбал "Энержи Ресурс" компанийн инженер техникийн ажилчид, операторууд цалингаа нийлүүлж 24 сая төгрөг, "Монполимет" компанийн Тосонгийн уурхайчдаас 3 сая, Шивээ овоо, Багануур, Өсөх зоос зэрэг 10-аад уурхайн ажилчдаас 6 сая төгрөгийн хандивлажээ.

Уг санаачилгыг уул уурхайн салбарынхан, ялангуяа энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд идэвхтэй дэмжсэн байна. Мөн АНУ болон Солонгост ажиллаж амьдарч буй монголчууд гар сунгажээ.

“Уурхайчиддаа туслая” аяныг зохион байгуулсан Л.Наранбаатар “Хандивын зорилго нь улс, өрх гэрийнхээ хүнд бэрхийг нуруун дээрээ үүрч яваа хэдэн бор уурхайчдынхаа ар гэрт хүнд үед нь сэтгэлийн дэм өгөх, туслах, хариуцлагагүй уул уурхайд ташуур өгөх, Үйлдвэрчний эвлэл, төр засаг, компани нь уурхайчдаа анхаарч Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хатуу чанд мөрддөг болоосой гэж чин сэтгэлээсээ хүссэндээ энэ ажлыг эхлүүлсэн. Би өөрөө уурхайчны хүүхэд, уурхайн тосгонд өссөн уурхайчин. Тэднийхээ ажил, амьдралын зовлонг мэднэ. Шарын гол, Шивээ Овоо, Багануур, Оюутолгой, Энержи Ресурс, Өсөх зоос, Монполиментболон уурхайд ажилладаг найзууд маань ч бас хандаж, дэмжлээ. Уурхайчин биш ч найзууд дэмжлээ. Алс холын АНУ, Солонгост байгаа найзууд ч бас дэмжлээ. Та нартаа маш их баярлалаа.Хариуцлагагүй уул уурхайд цэг тавьцгаая. Дахин хүний амь насаар бүү төлөөс хийгээсэй.Маш хүнд, аюултай, эрсдэлтэй нөхцөлд ажилласан аврах ангийнхан, ОБЕГ-т баярлалаа” гэв.

Хандивын тайланд олон улсын Эрнэст Янг аудитын компани хяналт тавьж байгааг тэрбээр мөн хэллээ.