Цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Талийгаач Д.Батсайханы амь насыг хохироосон Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг эрүүгийн хэрэг мөн Б.Энхбаяр нь бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэлээ.

Шүүхээр,

Шүүгдэгч Б.Энхбаярыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 477.000.000 буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Цагдаагийн албан хаагч Батсайханы амь насыг хохироосон гэх Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11-д зааснаар шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхбаярт 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.