Та амьдралдаа өөрчлөлт хийх шийдвэр гаргасан уу. Энэ бол гайхалтай зүйл. Гэхдээ үйлдэл хийхийн тулд танд жижигхэн түлхэц хэрэгтэй.

Эрсдэл гаргах хэрэгтэй дөрвөн шалтгааныг та бүхэнд хүргэе. Үйлдэл бол хожигдолгүй хувилбар гэдгийг та ойлгох болно.

1. Аюулгүй байдал ба эрсдэл

Манай гэрийн нэг хана “явагдаж буй төсөл хөтөлбөр” гэдэг нэртэй. Тэнд хэдэн сая цаас наасан байгаа Долоо хоног бүр би санаа оноогоо бичиж ханан дээрх цаасуудаа шинэчилдэг. Гэхдээ ганцхан наалт гурван жилийн турш тэнд өлгөөстэй бий. Би тэр цаасыг хуулдаггүй юм.

Тэр цаасан дээр “Цэцэг болох эрсдэлээс илүү нахиан дотор бүтэж үхэх эрсдэл илүү аймшигтай” гэж бичсэн байдаг.

Энэ бол миний хувьд өөртөө өгч буй сануулга. Чи юу ч хийхгүй бол цэцэг бололгүйгээр нахиан дотроо “үхнэ”. Заримдаа өөрчлөлт нэг л зүйлийг ухаарснаар эхэлдэг. Тэгэхээр аюулгүй байдал бол эрсдэлээс ч илүү аюултай зүйл гэсэн үг юм.

Нэг сургалтын үеэр Like-ийн үүсгэн байгуулагч Аяз Шабутдинов өөрийн бизнесээ эхлүүлэхийн өмнө юу хийсэн тухайгаа ярьсан. Тэрээр цаасыг хоёр хэсэгт хуваав. Эхний хэсэгт “аюулгүй байдлыг” сонговол түүнд юу тохиолдох тухай бичсэн (тогтвортой ажил 40 жил, тогтмол хугацаанд буудаг цалин, жаргалтай хөгшрөлт, 15 мянган рублийн тэтгэвэр). Нөгөө хэсэгт “эрсдэлийг” сонговол юу тохиолдох тухай. Хамгийн муудаа зээлийн барьцаанд тавьсан машин, байраа алдах байлаа.

“Эрсдэл гаргаснаар бүх зүйлээ алдаж магадгүй гэдгээ ойлгосон. Гэхдээ энэ эрсдэлээр би амьдралаа тэр чигт нь өөрчлөх боломжийг худалдан авч байна гэдгээ ухаарсан” гэж тэр хэлсэн.


2. Хамгийн сайнаар бодоход бидэнд хэр их хугацаа үлдсэн вэ?

Миний нэг танил үйлдвэрлэл эрхлэгчийн ширээн дээр эсрэг зүгт явдаг цаг байдаг. Буруу бичээгүй шүү. Өөрөөр хэлвэл, ширээн дээрх цаг нь түүний үлдсэн амьдрах хугацааг заадаг.

Тэр одоо 36 настай. Оросын статистикийн газрын мэдээлснээр, 2014 оны байдлаар Орос эрчүүдийн дундаж насжилт 66 жил (эмэгтэй – 77 жил). Өнөөдрийн байдлаар түүний цаг 262 701 цаг зааж байв.  Энэ бол их тоо биш.

Дэлхийн банкны хөдөлмөр эрхлэлтийн газрын тооцооллоор хүн амьдралынхаа он жилүүдийг төрөл бүрийн зүйлд зарцуулдаг байна. 28 жил буюу амьдралын гуравны нэгийг унтахад, 10 жилийг ажилд, 4 жилийг хоолонд, 9 жилийг олон нийтийн сүлжээ, телевиз, радио гэх мэт. Бусад жижиг ажлыг хасах юм бол бидэнд 9 жил л үлдэж байна.

Ингээд есхөн жилийн хугацаанд бид өөрсдийгөө олж илэрхийлэх хэрэгтэй. Дээрх тоог хүн 78 жил амьдарна гэж тооцоод гаргасан байгаа юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд хэрэв та үүнээс богино насалвал яах вэ?

Би та нарыг айлгах гээгүй. “Та 78 жил биш 50 жил амьдарна гээд төсөөлөөд үз. Тэгвэл яах вэ” Өөр нэг зүйрлэл хүргэе. Танд тодорхой хэмжээний мөнгөтэй банкны карт байна гэж төсөөлье. Яг хэдэн төгрөг байгаа гэдгийг та мэдэхгүй ба мөнгөний хэмжээг нэмэх ямар ч боломжгүй.

Өдөр бүр та мөнгө авна. Яг үнэндээ авах гэж оролдоно. Учир нь хэдэн төгрөг үлдсэн, танд мөнгө гарч ирэх эсэхийг мэдэхгүй.

Та одоо аль хэдийн ойлгосон байх. Энэ карт бол таны амьдрал. Орой унтахад өөрчлөлт хийх боломж олгох дараагийн өглөөг угтана гэсэн баталгаа байхгүй юм.


3. Үйлдэл ба шинэ мэдээлэл (хөгжилтэй түүх биш ч гэсэн)

Миний бизнесмэн найз Артем анх өөрийн ажлыг эхлүүлэхдээ эхнэр, ахын хамт хагас саяын зээл аваад машин угаалгын газар нээсэн. Ажилласаар, бүр хичээсээр аз жаргалтай амьдрал эхлүүлэв.

Гэхдээ энэ бол үлгэр биш шүү дээ. Түүний машин угаалгын газар нь дампуурсан. Яг тодорхой статистик хэлэхэд хэцүү ч бизнесийн 90 хувь нь эхний хоёр жилд дампуурдаг юм байна лээ.

Мэдээж азжаргалтай төгсгөл биш л дээ. Бизнесмэн залуу энэ бүхний дараа “Шинэ үйлдэл болгон танд нэмэлт мэдээлэл өгч шинэ салбарыг нээж байдаг. Мэдээж юутай ч зүйрлэшгүй туршлага өгнө. Жишээ нь, би бизнес төлөвлөгөөндөө ямар алдаа хийснээ ойлгосон. Хамаатан садан, найз нөхөдтэйгээ хамт ажил эхлүүлж байгаа тохиолдолд тодорхой гэрээний нөхцөл зайлшгүй байх ёстой гэдгийг мэдэж авсан. Мөн угаалгын газрын байршлыг сонгохдоо алдаа гаргаж өөр бусад хүчин зүйлсийг тооцоогүй байлаа. Тиймээ, энэ туршлагыг авахын тулд би хагас сая рублийг зарцуулсан. Гэхдээ би харамсахгүй байна. Ямар ч сургалтаас илүү ихийг ойлгуулж чадсан”.

Нээрээ л тэр нэмэлт мэдээллийг хагас саяар “худалдаж авсан” байна. Үнэтэй байгаа биз? Магадгүй л юм.

Өөр нэг түүхээс өгүүлвэл, нэг байгууллагын ажилтан гэрээ хийгээд 10 сая доллар алдсан байна. Удирдлага нь түүнийг дуудав. Тэр ч халагдах өргөдлөө барин оржээ. Удирдлага дээрээ ирээд “Та намайг ажлаас халвал би ойлгоно, би маш том алдаа гаргасан шүү дээ”. Харин хариуд нь “Бид 10 саяыг таны сургалтанд зарцуулсан тул ийм үнэ цэнэтэй хүнийг халах эрх бидэнд байхгүй. Явж ажлаа хий!” гэжээ.

Өөрөөр хэлвэл алдсан мөнгө бол өөрийн боловсролдоо оруулж буй хөрөнгө юм.

Артемын түүхэнд үргэлжлэл бий. Хоёр жилийн дараа, өрнөөс салаад өмнөх алдаагаа тооцон дахин бизнесээ эхлүүлэхээр шийдсэн. Энэ удаад тэр чаджээ.

Амархан байна гэж хэн ч амлаагүй. Та нэг дэх удаагаа чадна гэж хэн ч хэлээгүй (нэг дэх удаагаа чадах магадлал маш бага, хоёр дахь удаад ч мөн хэцүү байна).

Гэхдээ үйлдэл танд ямар нэгэн шинэ мэдээллийг өгнө гэдэг нь үнэн.

4. Үйлдэл таны өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлдэг


Бид эрсдэл гарган ямар нэгэн зүйл хийх болгондоо өөрсдийн тав тухтай бүсээс гардаг. Энэ нь бидний өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлдэг.

Айдсаа даван туулах болгондоо бид өөрөөрөө бахархах сэтгэл, үнэлэмжээ нэмдэг. Барбара Шер “Юуны тухай мөрөөдөх вэ” номондоо үүнийг гайхалтайгаар бичсэн байдаг. Энэ номонд “Айж байгаа хэдий ч урагшилж байгаа бол та өөртөө маш том зүйл хийж байна гэсэн үг. Та айдсаа даван дийлэх бүрт амжилтанд хүрдэг. Мэдрэгдэхүйц амжилтанд. Та маш их баярлана эсвэл илүү шийдэмгий болдог, ямар ч л байсан маш гайхалтай мэдрэмж. Харин юу ч хийхгүй үед таны өөрийн үнэлэмж унадаг, нилээд хэдэн үзүүлэлтээр. Дайчин байдал чинь ч мөн адил.

Ямар нэгэн үйлдэл таны өөрийн үнэлэмжийг юунаас ч илүү нэмэгдүүлдэг. Та өөрийгөө сайн хүн гэж бодсоор ямар нэгэн үр дүнд хүрэх нь юу л бол. Амжилтад хүрээгүй байсан ч үйлдэл хийсэн бол та өөрөөрөө бахархах болно”.

Ингээд эрсдэлтэй алхам хийх хүчтэй дөрвөн шалтгааныг танд хүргэлээ. Та одоо болтол бодсоор л байна уу?


Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.