Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 р зүйлд зааснаар “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” хэмээн заасныг жолооч бүр мэднэ. 

Өөрөө хэлбэл хэдийгээр таны зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан ч таныг угтаж авах уулзвар шингээлт муу, та нэмэгдэж ороход уулзвар чагтлагдах хэмжээнд байгаа тохиолдолд таныг уулзвар руу орохыг хориглосон утга бүхий заалт юм. Үүнийг зөрчсөнөөр уулзвар дээрх түгжрэл дээд цэгтээ хүрдэг.

Харин энэ сарын 20-ноос эхлэн жолооч нарт хяналтын камерын автомат системийг ашиглан уулзвар дээрх түгжрэлийг бууруулах ажил эхлэх аж. Жолооч та бүхэн зөвшөөрсөн гэрэл дохиогоороо зорчиход л асуудал гарахгүй, харин зөрчвөл хариуцлага ногдуулна.

Гэхдээ 15.7-д зааснаар “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй” байхаар програмчилсан байна.

Нийслэл хотын удирдлагаас замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах, түгжрэлгүй зорчих зорилгоор хэрэгжүүлэх ажлууд үүгээр эхэлж байна. Энэ бол замын хөдөлгөөнд оролцогч та бүхний хувьд шинэ зүйл биш, харин энэ дүрмийн заалтыг хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэх боломж нь үүгээр эхэлж байна гэдгийг ойлголцох нь чухал байна.