“Seven summit” буюу долоон тивийн долоон ноён оргилд гарсан анхны монгол уулчин бол Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер  Б.Гангаамаа билээ. Тэрбээр уулын спортод зориулсан 30 жилийн амьдралын түүхээ, спортын замналаа өгүүлсэн номоо бичиж дуусгажээ.

Б.Гангаамаа энэхүү номондоо уулын спортод дурласан түүх болон өнөөдрийг хүртэл Монголчуудаасаа гадна дэлхийн 60 гаруй орны нэртэй уулчид бас жуулчдын баг бүрэлдэхүүнтэй нийт 64 удаагийн оролдлого хийснээс 49 удаад нь зорьсон уулынхаа тэргүүн дээр нь гарсан тухайгаа өгүүлсэн байна

Тэрбээр зөвхөн ууланд авиралт хийснээс гадна Антарктид тивд цаг уур, орчны судалгаа, цас, мөсний хэмжилт хийх зэрэг судлаачийн ажлыг давхар хийсэн байдаг аж.

Б.Гангаамаа энэхүү номоо ирэх онд хэвлүүлэх бөгөөд хэдхэн хоногийн өмнө үзэсгэлэнгийнхээ нээлтээ хийсэн зураач, уулчин Ч.Ариунзул уран бүтээлийнхээ бүхий л орлогоо түүний номын хэвлэлтэд зарцуулахаар болсон аж.