Гэр бүлийн зураач гэдгээрээ олонд танигдсан зураач В.Ундраагийн “U Mandala” буддаг номын нээлт Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд боллоо.

Номын зохиолч, зураач В.Ундраа “Мандала төрлийн буддаг ном ихэвчлэн Монгол ахуйн дүрслэлийг харуулсан байдаг. Энэ номонд хайр дурлал, гэр бүл, эвтэй дөрвөн амьтан, байгаль эх гэсэн сэдвээр өөрийнхөө 40 уран зургийг оруулсан.  Мандала ном будах нь тухайн хүнд өөрийн хүссэн өнгө будгаа бүтээж, анхаарлаа төвлөрүүлэх, алжаалаа тайлах, бясалгах боломж олгодог. Өөрөөр хэлбэл, өнгөөр ялган будах үед хүний зүүн тархи ажиллаж уур бухимдал үгүй болдог давуу талтай. Үүнээс гадна өөрийн урлан бүтээсэн зургаа номоос авч жаазлан хадгалах боломжтой юм” гэлээ.  
Буддаг номын ач холбогдол нь урлагаар дамжуулан өөрийн мэдрэмжээ хөгжүүлэх, оюун санаагаа төвлөрүүлэх, бодлоо цэгцлэх, төөрөгдсөн эргэлзсэн үед зорилго чиглэлээ олоход туслах, санаа санааг тогтворжуулахад тусладаг. Мөн бүтээлч сэтгэлээг хөгжүүлэх нэг төрлийн хамгийн энгийн бясалгал ч гэж үздэг ажээ.
Бүх насныханд зориулсан энэхүү номыг нийт мянган ширхэг хэвлэжээ. Бүх насныханд зориулагдсан энэхүү номыг авч та сэтгэлийнхээ гүнд дарагдан мартагдсан байгалийн зөн мэдрэмж, хүүхэд насныхаа гэгээн хүсэл тэмүүлэл, өөдрөг мэдрэмжийг сэргээгээрэй.



Эх сурвалж: Монцамэ агентлаг