“Утгын чимэг” наадмын шилдэг 10 өгүүллэгийн нэг зохиолч Т.Баянсангийн “Цагаан гэгээ тасрах үес”-ийг уншигч танд хүргэж байна.

ЦАГААН ГЭГЭЭ ТАСРАХ ҮЕС

Далай хан өмнөө буй жижигхэн хүрэн ширээн дээрх нугалмал цаас руу нэн жигшилтэй харж сууна. Тэрхүү өчүүхэн жижиг цаасыг ямар аймшигт амьтан жилэм долом хийн, жигүүр хушуугаа болгон хэрэглэж, тэр хэл амны хар балгууш болсон үгс хэрхэн ургаж төлжин идэрхэн ханы чулуун суварга шиг цээжийг ихээр давчдуулах нь ийм болов. Цаасыг урж хаяхад юухан байхав. Тийм атал тэгтлээ түүртэж, гашуунаар бодолшиж, хүйтнээр амьсгалж суугаа нь гэнэн хэрэг гэлтэй ч энэхэн хүлээснээс гарч эс чадна. Тэр алга дарам цаасыг яаж ч устгаж болно шүү дээ. Галд өргөчихөд түүнээс юу үлдэх юм. Үнсийг нь зуухнаас ялгаж аваад ямар ч шидтэн түүний өмнө таваглан тавьж, үг үсэг сэргээж эс чадах биш үү. Гэхдээ нэг л боломжгүй сох санагдахад цөхрөлийн үүдийг буй бүхнээ хөсөглөн зорих шиг аян санаа хурна.

Шатаах аваас цаас биш үнс болсондоо улам нарийн шургагч хүчтэй, улам нэхэл дагалтай болж есөн сүв рүү шигж шурган орох юм шиг бодол төрнө. Бат ерөөлт Үнэн сүжигт Төгс хүлэг Дөрвөд Далай хан Түмэндэлгэржав бичгийн намхан ширээг нь эзэлж улмаар өөрийг нь занан анан ширтэх тэрхүү цаасны түүхийг тэмтэрч бодов. Мөнхүү цаас түүнийг бачимдуулан бухимдуулах биш харин ч баяр бах тээсэн хөсөг болж ирэх ёстой байсан санагдана. Бусдад хүргэсэн тус, ачлан хамгаалсан ачлалын хариуд яагаад өр шир нэхсэн нэхэмж ирдэг билээ. Юм яаж ад хорын хүлээсэнд орохоороо ингэж эргэж хуцан араа шүдээ ярзайлган дайрдаг билээ. Бардуу захирагч намайг мэхэлжээ гэж бодоход зүрх нь шир ширхийн, гар нь үл мэдэг чирхийлнэ.

Дөрвөд Далай ханы дэргэдийн хоёр зуун цэрэг Монгол улсын баруун бие нутгийг хэл мэдэхгүй харийн дээрэмчид, ном таарахгүй хомхой тонуулчид, зүг зүс бурууд гар хөл болсон өөрийн толгойгүй лүднүүдээс хамгаалж амар амгаланг олонтаа батлан ирсэн билээ. Тэрхүү хурц сэлэм хурдан буугаар зэвсэглэсэн шаламгай цэргийн жанжин нь Бардуу захирагч гэж барзгар хар хүн байх. Хэнийг ч дээрээс нь тонгойн харж байгаа юм шигээр хэмжиж хэрлэж, бултах аргагүй буцалган харах том хөх нүд нь эзгүй хээр таарсан хүнийг байтугай эзэн дээдсээ хүртэл хааяа цочоож хирдхийлгэнэ.

Дайн тулааны сураг чимээнээр том хөх нүд нь чинэрэн улаанаар эргэлдэж, шүд нь орсон буурынх шиг тачигнаж алдана. Цус үзэхээрээ яаж ч мэдэх нэгэн тул түүнд хонь муулахыг ч харуулахаас цээрлэнэ. Амар жимэр цагт түүнийг үргэлжийн ёс тахимдуу сургаал ном, үлгэр домогт шадарлуулан аргадан хадгалах бүлгээ. Өмнө нь шаналан болж шажигнах алга дарам цаасны учрыг Далай хан Бардуу захирагчийг дуудаад л ганц зандран асууж тайлж хэлүүлж болох байсан ч цэргийн жанжныхаа бусадтай адилгүй зан авираас житэн нэгэн хэсэгтээ өр нэхсэн ацаг шүдтэй цаас лугаа аралдан харалцан суугаа нь энэ бүлгээ.

Олноо өргөгдсөний дөтгөөр он, хөх барс жилийн намрын тэргүүлэгч сард Дөрвөд далай хан Түмэндэлгэржав зусаалын өргөөнөө залран байхад нэгэн бачим занги ирэв. Бичигт хасгийн дөрвөн зуу орчим дээрэмчин Монгол газар шурган орж, Улиастайн чигт уулгалж буйг дурдаад Засагт хан Содномравдан тэнгэр одож ор суугаад удаагүй Гэлэгямпил засаг ганхахаас хирдхийж, сандран тэвдэхдээ ойрын хүчирхэг ханаас тусламж хүссэн нь энэ байв.

Баруун Монголыг Богд хааны захиргаанаас салгаж Шинжааны нутаг дэвсгэр болгох гэсэн гамин намынхан хасгуудад эрх мэдэл, нутаг дэвсгэр амлан байж тэднийг Улиастай руу илгээсэн нь тэр байв. Баруун хязгаарыг хамгаалж асан номун хан хутагт Дамбийжанцан ламыг оросууд баривчлан авч явсан тул дураараа аашилж болно гэж үзсэн хасгууд Кайсан ноёныхоо арьсыг битүү өвчүүлж тулам хийлгэсэн хорслоо тайлах гэж энэ хэрэгт толгой дохин нийлжээ. Далай хан Бардуу захирагчийг угтуулан хөдөлгөв. Намрын тарган морьдоо голы нь цохиулахаас болгоомжлон ойр ойрхон амыг нь татан шогшуулж, үдэш шөнийн сэрүүнээр ангайтал давхин явсан Бардуу жанжны цэргийг Хүнгүйн голын эрэгт байх Даашинхүүгийн салбар Пүүсийн хөх Бадарчин гэгч тосон ирж, пүүсийн хөрөнгийг хамгаалж, дээрэмчдийг бут цохихоор ирсэнд талархаж, нахис нахис бөхөлзөн цэргүүдийн хоол хүнсийг даана гэж амлажээ. Бид нутгаа хамгаална, харин та манай нутагт он удаан жил байсан учраас л хамгаалагдаж байна гэж захирагч зандрангуй хэлэв. Хэзээний дотор хүнд итгэдэггүй Бардуу олон шаазан аяганд жирийтэл өрсөн нарийн хоолыг тамшаангуй харснаа: Данжаадыг эхэлж амсаж үзэхийг тушаажээ. Хөх Бадарчин:

-Хай, танай хүн яасан муухай санаатай ва. Бид нэг талынх болсоон шүү. Хасгууд л бидний дайсан шүү хэмээн гоморхжээ. Бардуу:

-Та нарын ямар зантайг би мэдэхгүй гэж үү. Хожим хойно ямар нэгэн хэл ам гаргаж, хэрэг төвөг удах аваас өөрийг чинь өршөөлгүй хатуу шийтгэнэ. Ховдыг чөлөөлөхөд манай дөрвөд, баяд цэргүүд яаж баатарласныг санаж байгаа биз дээ хэмээн дуугаа чангаруулав. Хөх Бадарчин хөлсөө арчин, хөл нь чичирч сурсан зангаар нахис нахис бөхөлзөнө.

Бардуу захирагчийн цэргүүд Ховд хотын хятад пүүсийг захаас нь үг дуугүй талж, эздийг нь толгой дараалан бөмбөгнүүлсэн нэгэн түүх бий билээ. Бөгжийг нь хуруутай нь, ээмгийг нь чихтэй нь тас огтлон авч дайны олзны сав болох үхрийн ширэн уутанд цустай нь холин хийж байжээ. Энэ нь үгэнд орохгүй том толгойлсон учраас чихнээс нь тоног авч, хулгайлж хумсалж ард иргэдийг дарласан учир хулгайчийг шийтгэх журмаар хурууг цавчсан хэмээн эртний хууль цаазны толинд зөвтгөгдсөн юм. Далай хан Бардуу захирагчийн баруун гарын туслах Цогт-Очирыг дуудаж ирүүлэв.

Далай хантаны зургаан ханатай том цагаан өргөөний хаалгаар эмээсэн хөх царай үзүүлсээр орж ирсэн Цогт-Очир туслах гишгэсэн газраасаа адис хүртэх мэт доош сөхрөн суун тусан, эзэн ноёндоо хэдэнтээ мөргөн үнэнчээ батлав. Далай хан хоолой засан ширээн дээрх мөнөөх бичиг рүү алгаа тэнийлгэн зааж,

-За Цогт-Очир туслах та энэ цаас ямар учиртай болохыг мэдэж байна уу? хэмээн тулган асуув.

Цогт-Очир цаас руу гэтэн харснаа,

-Эзэнтэн минь би энэ ямар учиртай зүйл болохыг яахан мэдэх билээ. Мэргэн эзэн та учрыг нь тайлж айлдахсан болов уу гэж зориглон өчье гэв.

-Өнгөрсөн намар Улиастай руу уулгалсан хасаг дээрэмчдийг тосон байлдаж даран сөнөөсөн дайныг та санаж байгаа биз дээ. Дайны хажуугаар дажин гэгчээр Хүнгүйн голын пүүсээс манай аймаг хошуунаас өр нэхэмжилсэн бичиг ирүүлжээ. Хоёр зуун хүчтэй залуу эрийг хэд хоног цадтал хооллоход чамгүй их зардал гарсан гэжээ. Бас пүүсийн эд хогшлоос нутаг буцахдаа та нарыг тонон дээрэмдэж их хохирол үлдээсэн гэсэн байна. Ингээд хошууны олон ардууд өрөнд орох нь байна. Энэ үнэн эсэхийг хэл гэхдээ Далай хан үгээ татаж сунгах мэт алгуурхан хэлэв.

- Эзэнтэн минь Бардуу жанжин пүүсийн данжаад хөх Бадарчинд олон цэрэг бидний өмнө ингэж хэлж байсан юм. Даашинхүүгийн салбар пүүсийн тал батлан хамгаалж, амгалан тайван байлгасны хариу болгож хэд хоногоор хооллож ундлахыг өөрснөө санаачилсан. Хасгуудтай байлдан устгаж, цөөхөн нь дутаахад,

-Тэд эргэж ирэхгүй ээ. Та нарт баярлалаа хэд хоног ялалтаа тэмдэглэж найрлаад буц гэж байсан юм шүү. Хантан танд бэлэг шүлэг хүртэл хүргүүлнэ гэхэд Бардуу жанжин,

-Та нар бидэнд өртөлөөс өгч, гар хүндрүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Бид зөвхөн улс орныхоо амгалан тайван байдлыг хамгаалсан хэрэг. Улсаа батлан хамгааллаа гэж харь хүмүүс биднийг шагнаж байгаа нь хачин санагдаж байна шүү. Харин цэргүүдэд хоол хүнс гаргасныг чинь монгол хүний ёсоор зочноо дайлж цайлсан хэрэг гэж хүлээж авлаа гэсэн. Ийм л үг хэлсэн. Би андгайлж байна. Өчүүхэн төдий худлаа хэлсэн байх аваас маргаашийн улаан нарыг эс үзсү гэж өчив.

Түмэндэлгэржав дотроо бодол уралдууллаа. “Хиагтад болж буй хэлэлцээр Цагаан хэрэмийн цаад руу ашиг шидсэн болохыг энэ луухаан үнэрлэж мэдээд зүрх гарган өр тулгасан байх нь ... ээ. Цаг цагийн өнгө дагаж зүсээ хувиргасан энэ мэтийн нөхдүүдийг нууц ялд унагаж ууц нурууг нь хугачсан ч болохгүй нь юу билээ.” гэж Далай хан бодсоноо ширээнээ ад бологч нугалмал цаасны ар талд тод үсгээр “Бардуу захирагч чи энэ өр гэгчийн хариуг өөрийн гараар барьсугай” гэж таталган бичив.

Цагаан гэгээд тасрах үес Бардуу жанжин шилмэл хоёр зуун цэргээсээ арван дайчин баатар эрийг сонгоод дагуулж одов. Тэдний морьд өвс ногоог шир ширхийлгэн нэгэнт хадлангийн улирал ирснийг хүний бус хэлээр хэлэх бөгөөд маргаашийн улаан наран улам өтгөн мандах нь зайлбаргүй болох нь энэ ээ.

2019.12.10