Энэтхэг улсын хөдөөгийн алслагдсан Чандрапур дүүргийн өсвөр насны таван хүүхэд өнгөрсөн тавдугаар сард Эверестийн оргилд гарч, нэрээ улсынхаа түүхэнд мөнхөлж чадсан байна.

“Энэ бүхэн үнэхээр болсон гэдэгт итгэхийн тулд би одоо ч өөрийгөө чимхэж үздэг” гэж энэ оны тавдугаар сарын 16-ны өглөөний 04:30 цагт Энэтхэгийн далбааг Эверестийн оргилд мандуулсан 18 настай Маниша Дхурве хэлжээ. Тэрбээр уулчдын насан туршийн мөрөөдөл болсон цаст Гималайн оргилд гарахаар Энэтхэгийн баруун хэсгийн Махарашатра мужийн Чандрапур дүүргээс сэтгэл шулуудан гарсан 10 хүүхдийн бүрэлдэхүүнтэй багийн гишүүн юм. Тэдгээрээс Маниша, Умакант Мадави, Пармеш Аале, Викас Соям болон Кавидас Катмоде нар зорилгодоо хүрч чадсан ажээ.

13-хан насандаа Эверестийн оргилд гарч, хамгийн залуу авирагч болсон энэтхэг охин Малаватх Поорнагийн амжилтаас эдгээр хүүхэд урам зориг авсан аж. Тэд бусад авирагчийн адилаар Эверест ууланд авирахдаа Балбын талаас эхэлсэн бөгөөд уг улиралд тухайн ууланд авирах эрхийг 300 гаруй хүнд олгосон байна. Энэхүү эрх нь ихээхэн үнэтэй байдаг бөгөөд нэг нь л гэхэд олон мянган ам.долларын үнэтэй байдаг юм байна.

Харин хүүхдүүдийг аялалд явуулахыг анх санаачилсан Чандрапур дүүргийн өндөр албан тушаалтан Ашустош Салил нь Махараштрагийн засгийн газарт хүсэлт гаргаж, 40 сая рупи буюу 570 мянга гаруй ам.долларын санхүүжилт авч чадсан байна. “Бид тэдгээр хүүхдүүдийн өөрсдөдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хийгээд бусад хүнд урам зориг өгөх зорилгоор үүнийг хийсэн” гэж А.Салил мэдэгджээ.

Үүний дараа Чандрапур дүүргээс 47 хүүхдийг сонгон авсны дотроос 10 хүүхэд нь л арван сарын хүнд бэлтгэлийг даван туулж, шалгарч үлдсэн ажээ. Тэдгээр 10 хүүхдээс оргилд хараахан гарч чадаагүй 5 хүүхэд тус бүрт 1 сая рупи харин зорилгодоо хүрч чадсан 5 хүүхдэд 2.5 сая рупи буюу ойролцоогоор 36 мянган ам.долларыг засгийн газраас өгсөн байна.

Кавидас болон Пармеш нар энэхүү мөнгөө байшингаа сэргээн засварлах хийгээд фермийн усжуулалтаа сайжруулах үүднээс худаг ухуулахад зарцуулахаар болсон бол Умакант нь өөрийн тосгондоо хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Харин Манишагийн хувьд энэхүү мөнгөөрөө коллежийн төлбөрөө төлөх гэнэ. Тэд бүгд ахин өөр ууланд авирахыг хүсч байгаа бөгөөд дараагийн удаад Килиманжаро ууланд авирч магадгүй ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг