УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2021 оны улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Иргэдэд бэлэн мөнгө, ваучер өгнө гэж байна. Үүнийг өгсөн тохиолдолд эдийн засгийн алдагдал ямар байх юм, эдийн засагт яаж нөлөөлөх вэ. Тодорхой судалгаа тооцоолол юу байна вэ. Түүндээ үндэслэхгүй бол хий дээгүүр ярьж болохгүй.

Ер нь бол цар тахлын энэ онцгой нөхцөлд төсвөө эртхэн тодотгож, шаардлагагүй зардлуудыг яаралтай царцаах нь зөв. Гэтэл Ерөнхийлөгчийн хориг улстөржөөд байна. Өмнөх жил өндөр настнуудын тэтгэврийг тэглэж, Монголбанкаар мөнгө хэвлүүлсэн. Одоо бас тийм зүйл яриад байна. Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавих шаардлагагүй байсан. Хэсэгчлэн тавьсан бол зүгээр байсан" хэмээн асуулаа.

Хариултад нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир "Улсын ДНБ-ний 39 хувийг үйлчилгээний салбар эзэлдэг. Боловсруулах үйлдвэр дөнгөж 7 хувь, бөөний болон жижиглэн худалдаа 12 хувийг эзэлдэг бүтэцтэй. Ихэнх нь таг зогсчихоод байна. Өнөөдөр төрийн байгууллага, хүнсний үйлдвэрүүдээс өөр 100 хувь идэвхтэй ажиллаж байгаа байгууллага алга. 

Улсын төсвийг ААН-үүд бүрдүүлдэг. ААН-ийн орлогыг иргэд бүрдүүлдэг. Бид хэд хэдэн орны судалгааг хийгээд үүнийг дотоодод нь эргүүлэх эдийн засгийн боломж байна гэж үзсэн.

Коронавирусийн үед олон орон дотоодын эдийн засаг, аж үйлдвэр, боловсруулах үйлдвэрээ сэргээх чиглэлээр ажилласан байна. Ингэхдээ эхний ээлжид дотоодод үйлдвэрлэж чадахгүй зүйлсийг худалдаж авах мөнгөн дэмжлэг, дотоодод үйлдвэрлэсэн зүйлсийг худалдаж авах ваучер өгсөн байна. Тухайлбал, БНХАУ, БНСУ-д энэ чиглэлээр ажиллаж байна.

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу төсвийн аль хэсгийг засах, танах бүрэн эрх нь УИХ-ын гишүүдэд байгаа учир төсөвт бүхэлд нь хориг тавьсан.

Төсвийг заавал хэрэгжиж эхэлсний дараа тодотгол хийхээс илүүтэйгээр үүсэж болох хүндрэл бэрхшээлүүдээ урьдчилж тооцоод, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад эргэж хараачээ л гэж байгаа юм. 

Төсөв хэрэгжиж эхэлж, зардлууд гарч, хөрөнгө оруулалтууд хийгдэж, гэрээний төлөлт хийгдсэний дараа төсвөө эргэж харах нь маш хүндрэлтэй. Тиймээс Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг боломж гэж хараад, засаж залруулах зүйлсээ одоо засаад явах боломжтой. Хуулийн хугацаанд Ерөнхийлөгч хариугаа өгсөн, УИХ хуулийн хугацаанд хэлэлцэж байна. Засах зүйлсээ түргэн зассан нь зөв" хэмээлээ.