Хөнгөн атлетикийн 8 удаагийн олимпийн аварга, 11 удаагийн дэлхийн аварга, Австралийн "Сентрал Кост Мэринерс" хөлбөмбөгийн багт тоглож байсан Усэйн Болт хөлбөмбөгийн замналаа өндөрлүүлж байгаагаа мэдэгджээ.

“Хөлбөмбөгийн багт байх надад таалагдсан. Миний хувьд сайхан туршлага боллоо. Багт байх нь хөнгөн атлетикаас ялгаатай байсан бөгөөд надад их хөгжилтэй байсан”

Усэйн Болт өнгөрсөн онд Австралийн "Сентрал Кост Мэринерс" багийн бүрэлдэхүүнд нэгдэж, "Макартур Саут Вест Юнайтед" багтай хийсэн нөхөрсөг тоглолтод 2 гоол оруулж байжээ. Гэсэн хэдий ч Австралийн хөлбөмбөгийн багийн удирдлага Усэйн Болттой гэрээ байгуулахгүй байх шийдвэрийг гаргасан байна.

У.Болт 2017 оны дэлхийн аваргын дараа хөнгөн атлетикийн замналаа өндөрлүүлсэн юм.

“Би янз бүрийн зүйл хийдэг. Спортын амьдрал маань төгсгөл болж байгаа учраас арай өөр зүйл хийх зорилготой байгаа. Ерөнхийдөө бизнесийн чиглэлд төвлөрөх бодолтой байна”.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC