Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас даатгалын компаниуд хамтран хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийг 100 мянга, нөхөн олговрыг 20 сая төгрөгөөр тогтоож буйгаа мэдэгдлээ.

Уралдаанч хүүхдүүдийн уралдаанд ороод үүсэх эрсдлээс хамгаалсан даатгалын жилийн хураамж 30 мянга, нөхөн олговор таван сая төгрөг байсан. Уралдааны хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээ бодитой, хүрэлцэхүйц байлгах үүднээс хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар нөхөн олговрын хэмжээг нэмэх шаардлага тулгарч байгаа аж.

Энэ талаар ГБХЗХГ-ын хууль эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэлэхдээ, “Энэхүү даатгал нь дан ганц Улсын их баяр наадмаар бус бүтэн жилийн турш даатгуулагч хүүхдийг осол гэмтэл, халдварт өвчин зэрэг бүх төрлийн эрсдлээс хамгаална. 2017 онд нийт 159 хүүхэд мориноос унан, бэртэж гэмтсэн бол 3 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, 2 хүүхэд амь насаа алдсан. Уяачид болон эцэг эх уралдаанч хүүхдийнхээ эрүүл мэнд амь насыг хамгаалж, уг даатгалд заавал даатгуулах ёстой” гэв.

Монголын морин спорт залуу уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан, “Энэхүү шийдвэрийн дагуу уяачид уралдаанч хүүхдээ даатгалд хамруулаарай гэж эцэг эхчүүдэд уриалж байна. Түүнчлэн зарим уяачийн стандарт хувцас, хэрэгсэл худалдаж авах мөнгөгүйгээс болж хүүхдийн амь нас аюулд учирдаг. Тиймээс хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, уралдаанч хүүхдийн хувцас, хэрэглэлийн түрээсийн үйлчилгээг энэ жилээс эхлэн нэвтрүүлэхээр болсон. Хамгаалалтын иж бүрэн хувцсыг  20 мянга, тохойвч, өвдгөвч зэрэг хэрэгслийг 10 мянган төгрөгөөр түрээслэнэ” гэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг