Ирланд улсад үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөх асуудлаар бүх ардын санал хураалт болж байна. Энэ асуудлаар санал хураалт явуулах шийдвэрийг Ирландын Засгийн газар өнгөрсөн 1 дүгээр сарын эцсээр гаргажээ.

Үр хөндөлтийг хориглох тухай Ирландын Үндсэн хуульд оруулсан 8 дугаар нэмэлт өөрчлөлтийг цуцлах болон үр хөндөлтийн хүрээнд парламент хууль боловсруулах хэрэгтэй эсэх асуудлаар ард иргэдээс санал хураалт авч байгаа аж. Үр хөндөлтийг хориглох тухай нэмэлт өөрчлөлтийг цуцлах шийдвэр гарвал жирэмслэлтийг 12 долоо хоногтой үе хүртэл нь зогсоох эрхтэй болох аж. Харин 24 долоо хоног хүртэлх үетэй эмэгтэйчүүдийн хувьд зөвхөн амь нас, эрүүл мэндэд нь ноцтой аюул учирсан тохиолдолд үр хөндөлт хийлгэх боломжтой болох юм байна.
 
Католик шашинтнууд уг нэмэлт өөрчлөлтийг цуцлахыг эсэргүүцэж байгаа бөгөөд үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөх нь хүнийг шууд үхэлд хүргэхийг зөвшөөрч байгаатай ижил гэж үзэж байгаа аж. Түүнчлэн Дауны хам шинж буюу хромосомын түвшинд гарсан өөрчлөлтийн улмаас биеийн болоод оюун ухааны хөгжлийн сааталтай төрсөн хүүхдүүдийг үгүй хийхэд хүргэж болзошгүй гэж болгоомжилж байгаа аж. Исланд улсад үр хөврөлд нь Дауны хам шинж илэрсэн тохиолдлын бараг 100 хувьд нь үр хөндөлт хийдэг байна.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг