Хүүе гэм, энэ Марк Мэнсон чинь тун ухаалаг, хошин шогийн мэдрэмжтэй давгүй залуу байна. Ойр бол танилцаж буу халж суумаар нөхөр юм. Дажгүй мэдлэгтэй, түүнийгээ өвөрмөц хошин шог бичлэгийнхээ аргатай хослуулан санаагаа тун сайхан гаргасан байна. Барууны соёлд түгээмэл байдаг хуурамч, хөгийн, хүнд таалагдах гэсэн хиймэл харилцаа, нэгнийхээ дээр гарах гэсэн атаач өрсөлдөөнд эгдүүцсэн дуу хоолой юм. Оросуудын илэн далангүй, шударга, элдэв чимэглэлгүй жинхэнэ сэтгэлийн илэрхийлэл болсон зан чанар тун их таалагдсан гэнэ.

Баяжих, хөөрхөн харагдах, хүнд таалагдах, эсрэг хүйстнээ найрах, бусдыг өөртөө татах, амжилтанд хүрэх гэхчлэн түм буман янзын зөвлөгөө өгөх номуудыг харин ч нэг бут авсан. байна. Яаж гээч? Барууны соёлын дутагдлыг олж харсан залуу дорнын гүн ухаанаас гарц хайсан аж . "Зовлонгийн шалтгааныг өөрөөсөө хайх" тухай Буддын гүн ухааны сургаалийг орчин үеийн амьдралын хэмнэлд тааруулан тайлбарлажээ.

"АГНИСТЫН ГЭГЭЭ" цувралыг уншсан хүмүүст бол бүүр ойлгомжтой юм байна. Зэнгийн философи санаанууд ч зөндөө таарна. Эрих Форммын "Амьдрах урлаг"-ийн үзэл бодлууд нэвт явж байна. Аргагүй л юм уншдаг, уншсанаа эргэцүүлж боддог залуу юм аа энэ Марк чинь! Гагцхүү энгийн байдлаар хүнд ойлгомжтой хүргэнэ гэдэг тун чухал болохыг мэдэж авлаа.

Би энэ номоос зарим нэг эшлэл хийх, тайлбар зүүхийг огтхон ч хүсэхгүй байна. Та өөрөө уншсан нь өгөөжтэй. Энэ номыг Кундерагийн "ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН ОРШИХУЙ-тай цуг уншвал тун зүгээр. Маркийн сонголтуудын талаарх дутуу, ташаарсан тайлбаруудад Кундера хариулт өгөх юм. "Олон зуун ном унших гэж улайрах, шөнө болгон сексдэх хоёр ялгаагүй. Авах ханамж таашаал нь буурдаг юм " гэж нэг удаа би бичиж байсан. Яг энэ санааны тухай тун сайхан тайлбар хийсэн байна.

Энэ ном үхлийн тухай эргэцүүллээр өндөрлөнө. Үхэл бол хуурмаг биш жинхэнэ бодит үзэгдэл. Харин бид энэ бодит үзэгдлээс ямагт зайлсхийж амьдралын хуурмаг зүйлүүдээр орлуулж, сэтгэлээ хуурч явдаг. Гэвч хэзээ нэгэн цагт ч биш, яг одоо ч та үхэлтэй нүүр тулж болж болно. Тиймээс үхлийн тухай эргэцүүлж, түүний бодит үнэнтэй эвлэрч чадвал амьдрал үнэ цэнтэй, зорилготой, учир утгатай болох юм.

Би нэгэнт хөгжих, баяжихаасаа өнгөрсөн хүн тул хувь хүний хөгжлийн тухай ном уншдаггүй. Харин энэ номын гарчиг өөрийн эрхгүй анхаарал татсан юм.Том, Жиригүй гэж уншингаа алдсан шүү! Нөгөө Диснейн муур хулгана хоёр санаанд орсон хэрэг. Эзэнт гүрнийхээ төлөө гучин жил ширэнгэн ойд, аймшигтай хүнд хэцүү нөхцөлд партизаны дайн хийсэн Япон самурай Хироо Онодогийн түүх, сургамж нь онцгой байлаа. Хэрхэвч дайсандаа бууж өгөхгүй байх тушаал авсан Япон офицер дайн дууссаныг мэдэлгүй гучин жил ширэнгэн "ойд" дайтжээ. Танд тэнэг, утгагүй, харамсалтай санагдаж байна уу? Харин ч үгүй шүү!

Тоомжиргүй амьдрах урлаг гэдэг нь ҮР ДАГАВРААС АЙХГҮЙ БАЙХ ЭРХ ЧӨЛӨӨ юм гэсэн бодол төрсөн билээ.