Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, бүх сургууль, цэцэрлэгийн хичээллэж эхлэх хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, улсын хэмжээнд бүх их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоогоод буй.

Сүүлийн өдрүүдэд тус вирусийн дэгдэлт олон оронд голомтлон тархаж, багасаж байсан зарим оронд дахин нэмэгдэж буй учир Эрүүл мэндийн яам өнгөрсөн лхагва гарагт сургууль, цэцэрлэгийн хичээллэж эхлэх хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах саналыг Улсын онцгой комисс хүргүүлсэн юм.

Уг асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, бүх их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуульд тавиад байсан хорио цээрийн дэглэмийн хугацааг сунгахаар шийдвэрлээ. 

Улсын онцгой комисс уг шийдвэрээ Засгийн газарт хүргүүлснээр эцэслэн батална.