Улсын онцой комиссийн өчигдрийн хуралдаанаар хот хооронд зорчих шаардлагатай иргэд, оюутнуудыг 12 дугаар сарын 01-нээс нутаг буцаахаар шийдвэрлэсэн. /Хэрхэн буцаах журмыг ЭНД дарж уншина уу./

Тэгвэл уг асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр дахин хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргасан талаараа мэдээллээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Өчигдөр бид Улаанбаатараас орон нутаг руу зорчих 27.000 иргэн байна гэж мэдээлж байсан. Өчигдөр оройн УОК-ын хуралдаанаар иргэдийг ирэх сарын 01-нээс зорчуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс хойш орон нутаг руу буюу оршин суух хаяг руугаа буцах хүсэлтэй иргэдийн тоо 85.000 боллоо. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Улаанбаатар руу ирэх ирэх 5.300 орчим иргэн байна.

Эдгээр иргэний 70 орчим хувь нь нийтийн тээврээр, 20 хувь нь хувийн унаагаар, 10 орчим хувь нь онгоцоор нисэх хүсэлтээ илэрхийлсэн. 

Энэ хүрээнд иргэдийн зорчих хөдөлгөөнийг 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ныг хүртэлх 10 хоногийн хугацаанд график төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн нэг зүйлийг онцлоход, коронавирусийн халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш явуулна" хэмээлээ.

Улаанбаатараас орон нутаг руу зорчих иргэдийн шинжилгээг 20 цэгт авна

Энэ сарын 24-нд байгуулагдсан тус ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Тээвэрлэлтийг зохион байгуулах байгуулах схем, цагийн гаргаад тээвэрлэлтийг эхлэхэд бэлэн болсон. Сүүлийн өдрүүдийн судалгаагаар 85.000 орчим иргэн зорчихоор байна. Бид нийт 100.000 орчим иргэн зорчино гэсэн тооцоотойгоор ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. 

Нутаг буцах иргэдийн шинжилгээг 11 дүгээр сарын 29-нөөс авч эхэлнэ. Иргэд орон нутаг руу зорчихдоо сүүлийн 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

Орон нутаг руу явах иргэдийн PCR шинжилгээг одоо шинжилгээ авч буй цэгүүдэд хийх боломжгүй учраас шинээр 20 цэг байгуулж, энэ сарын 29-нөөс ажиллуулахаар бэлэн болгож байна.

Орон нутаг болон Улаанбаатарт саатсан иргэдийг явуулж дуусангуут үргэлжлүүлээд оюутнуудыг явуулна.

Иргэдийн тээвэрлэлтийг хувийн тээврийн хэрэгсэл болон нийтийн тээврээр гэсэн 2 янзаар зохион байгуулахаар журамд тусгасан" хэмээлээ.


Хот хооронд зорчих иргэд, оюутнууд хэрхэн хүсэлтээ гаргаж, шинжилгээнд хамрагдаж, нийтийн тээврээр зорчих талааарх журмыг ЭНД дарж уншина уу.