Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржаад байсан эхийг коронавирусийн халдвар авсан шалтгаанаас халаад, нимгэн шаахайтай нь тусгаарлахаар авч явж буй бичлэг нийгмийн сүлжээнд тавигдаж иргэдийн дургүйцлийг төрүүлээд байна. Хэдийгээр халдвар авсан ч гэсэн хүнлэг бус хандсан нь УОК-т хандсан хэдэн арван шүүмжлэл өрнүүлэхэд хүргээд буй. 

Уг асуудлаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн хэлтэсийн дарга Ц.Ганзориг уучлал хүссэн мэдэгдэл гаргажээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн хэлтэсийн дарга Ц.Ганзориг:

Хүнлэг бус, ажлын горимдоо хэнэггүй, сэтгэлгүй хандаж хэрхэвч болохгүй. УОК-с амаржсан эх болон ар гэр, та бүхний сэтгэлийг зовоосонд уучлал хүсэж байна. Яг одоо Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан холбогдох эмнэлгийн дарга нартай хариуцлагын асуудлаар хуралдаж байна.УОК-с амаржсан эх болон ар гэр, та бүхний сэтгэлийг зовоосонд уучлал хүсэж байна.

УОК-ын дарга Я.Содбаатар:

Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж , ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Хичнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар , хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна. УОК, ЭМЯ холбогдох төрийн байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин уучлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна гэжээ.