Хүн бүр аюулгүй, шим тэжээлтэй хүнсээр хангагдах эрхтэй. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах нь хүүхдийн суралцах болон насанд хүрэгчдийн ажиллах бүтээмжийг бууруулдаг. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нь Тогтвортой хөгжлийн төлөөх 17 зорилгын эрүүл мэндийг дэмжих, өлсгөлөнг зогсоох тухай хоёр зорилгод хүрэх чухал нөхцөл болно. COVID-19 цар тахлын дэгдэлтийн энэ үед хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах нь хэчнээн чухал болохыг бид бүр илүү мэдэрч, ойлгож байна. 


НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс 6-р сарын 7-ны өдрийг Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр болгон зарласан. Хоёр дахь жилдээ тэмдэглэж буй энэ өдөр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулж,  хүнс үйлдвэрлэлийн бүх шатанд оролцогчид тус тусын үүрэг хүлээж байдгийг тодотгож байна. 

Аюулгүй байдал нь хангагдаагүй бол энэ нь хоол-хүнс биш болно. Хүн бүр эрүүл, идэвхтэй амьдрахад хэрэгцээт хоол хүнсээр хэзээд хангагдаж байх нөхцөл бүрдсэн үед хүнсний баталгаат хангагдлаа гэж үзнэ. Хүнсний баталгаат байдлыг хангахад хангамж, хүртээмж, хэрэглээ, тогтвортой байдал зэрэг 4 суурь хүчин зүйлс оролцох бөгөөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь Хэрэглээ – хэсгийн чухал бүрэлдэхүүн юм. 

COVID-19 цар тахлын үед хувийн ариун цэврийг сахих нь чухал байгаатай адилаар хоол хүнсээ бэлтгэхэд эрүүл ахуйн зөв дадлуудыг сайтар баримтлах нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үндэс болдог.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олон талын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. НҮБ-ын ХХААБ нь бусад оролцогч талуудтай хамтран хүнсний үйлдвэрлэлийн сүлжээний бүх үе шатанд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, удирдах болон хариу арга хэмжээ авахад чиглэн ажиллаж байна.НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчВинод Ахужа"Хоол хүнсний аюулгүй байдлыг хангах нь хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх бүх шатны оролцогчдод хамаарах асуудал юм. Бид бүхий л ажилдаа хүнсний үйлдвэрлэлийн сүлжээний бүх үе шатанд эрсдэлд суурилсан хүнсний хяналтыг сайжруулах зорилгоор CODEX зэрэг хүнсний стандарт, Хөдөө Аж Ахуйн Зохистой Дадлыг нэвтрүүлэн ажилладаг.” хэмээн тодотголоо. 


ДЭМБ нь дэлхийн хэмжээнд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, баталгаагүй хүнсний хэрэглээтэй холбоотой бүх төрлийн аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх болон хариу арга хэмжээ авах ажлуудыг дэмжин ажилладаг. 


Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлон, ДЭМБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгч Др Сергей Диордица “Дэлхий дээр бактери, вирус, шимэгч хорхой, хорт химийн бодисоор бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас жил бүр 600 сая гаруй хүн өвдөж, 420 мянган хүн нас бардаг гэж ДЭМБ-ын тооцоогоор гарсан. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нь засгийн газар, үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн хамтын үүрэг, хариуцлага юм. Бидний хэрэглэж буй хоол хүнс аюулгүй, эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэхэд үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл бүхий л үе шатны оролцогч бүр чухал үүрэгтэй. Хоёр дахь жилдээ тэмдэглэж буй Дэлхийн Хүнсний Бүтээгдэхүүний Аюулгүй байдлын өдрөөр бид аюулгүй байдлыг хангахтай холбоотой бүхий л мэдээллийг олон нийтэд түгээх бөгөөд цаашдаа Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ), Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ) болон НҮБ-ын ХХААБ-тай хоол хүнснээс гаралтай өвчлөлийг бууруулахын төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэж хэллээ.


ХХААБ, ДЭМБ нь ХХААХҮЯ, ЭМЯ, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албатай хамтран Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт, уялдааг нягталж эрсдэлд суурилсан хүнсний хяналтын системийг сайжруулахаар ажиллаж байна. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар,Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХХААХҮЯ, Монголын Хүнсчдийн холбоо, НҮБ-ын ХХААБ хамтран“Монгол Улсын хүнснийаюулгүй байдлын Үндэсний чуулган”-ыг2017 онд зохион байгуулж Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг дэмжин хамгаалах чухал зорилго болохыг онцлон тэмдэглэж, чуулганд оролцогчдоос зөвлөмж гарган байгууллагуудад хүргүүлсэн.

Монгол Улс COVID-19 цар тахлын эсрэг шийдэмгий арга хэмжээг эрт авснаар өнөөдрийг хүртэл нийтийн дунд цар тахлын дэгдэлтгүй цөөн улсын нэг төдийгүй үндэсний аюулгүй байдалд хамгийн чухал салбар болох хүнсний үйлдвэрлэл тогтвортой үргэлжилж, хүн амыг хүнсээр хангахад ямар нэг доголдол үүсээгүй байна. Хүнсний аюулгүй байдлыг хангаж, Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан 2023 он хүртэл хэрэгжүүлж байна. Энэ зорилгод хүрэхэд  хүнсний сүлжээний бүх шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, энэ талаарх хэрэглэгчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, зөв зохистой хооллох дадлыг дэмжих, ялангуяа хүүхэд, залууст  төлөвшүүлэх нь чухал ач холбогдолтой талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тодотгож, “Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын ХХААБ, ДЭМБ хамтран хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналтын тогтолцоог оновчтой бүрдүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллаж байна. Энэ цар тахал гарсан хүнд үед бид мөн хамтран дотоод нөөцөө ашиглан хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний бүтээгдэхүүний төрөл зүйлийг нэмэгдүүлж нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад зорин ажиллаж байна.” гэдгийг цохон тэмдэглэлээ.

"Эрүүл мэндийн яам нь ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, ДЭМБ-аас гаргасан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаарх удирдамжийг холбогдох хүмүүст хүргүүллээ. Гарын ариун цэвэр хангах гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар 2020 он гарсаар хоолны хордлогот халдварын дэгдэлт бүртгэгдээгүй байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нь хүн бүрийн үүрэг хариуцлага бөгөөд тодорхой зарчим, дүрмийгмөрдөн ажилласнаар бид өөрсдийгөө хамгаалж, эрүүл мэндээ сайжруулах болно. Эрүүл, аюулгүй, баталгаатай хүнс нь эрүүл мэндийн гол тулгуур билээ" хэмээн Монгол Улсын Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэл дурдан, үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл хүн бүрийг хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг уриалав.

COVID-19 цар тахал нь өрхийн орлого, хүнсний хангамж, эрүүл мэндийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлж байна. Өнөө цагт дэлхийд тулгамдаж буй цаг уур, хүнсний үйлдвэрлэл, хангамжийн системийн өөрчлөлт нь хэрэглэгчид, аж үйлдвэрийн хөгжил төдийгүй эх дэлхийн амьдралд асар их нөлөөлж байна. Үүнтэй тэмцэхийн тулд хүн бүр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын эдүгээ болон ирээдүйн талаар анхаарах хэрэгтэй юм. Бид Засгийн газар, хандивлагчид, хамтрагч түншүүд, хүнсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийг хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг уриалж байна. Газар тариалан, мал аж ахуй эрхлэх, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, түгээх, борлуулах, бэлтгэх, үйлчлэх болон хэрэглэх аль ч үе шатанд оролцогч Та идэж буй хоол хүнсийг аюулгүй байлгахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.