Энэ өдрийг дэлхий дахин хөрс хамгаалах өдөр хэмээн тэмдэглэдэг. Манай улсын хувьд энэ өдрийг тохиолдуулан өчигдөр хөрс судлаач, мэргэжлийн байгууллагуудын хурал болсон билээ.

Улаанбаатар хотын нянгийн бохирдолтын түвшин нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрч хөрс нянгаар бохирдсон болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ нь өнгөрсөн оноос 10 дахин нэмэгдсэн дүн юм. Тэр дундаа гэр хороолол, томоохон зах орчим, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдолт их гарчээ. 

Бохирдсон хөрсөнд халдварт өвчин үүсгэгч нянгуудын амьдрах чадвар маш сайн. Цусан суулгын нян, шимэгчид гэхэд нэг жил хүртэл амьдрах чадвартай бол боом татрангийн үүсгэгчид 25-30 жил ч амьдрах чадвартай гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд онцолдог. Түүнчлэн нүхэн жорлон нь хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй гүний усыг эмгэг төрөгч бичил биетээр бохирдуулж байгаа нь нотлогдсон байна. Тодруулбал, гадаргад ойрхон буюу 1.5 метр гүн худгийн усанд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол их байгаа бол 47 метр гүн худгийн усыг шинжлэхэд хүртэл нян илэрчээ. Үүнээс болж Улаанбаатарт дэлхийн дулаарлын уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дундажаас 2-2.5 дахин хурдацтай явж байгаа аж.