Эдүгээгийн өрсөлдөөнт, тав тухад чиглэсэн нийгмийг Хан Бён Чоль “Амжилтын нийгэм” гэж тодорхойлжээ. 

Хуучны дэг журамт нийгмээс ялгаатай нь эл эринд хүмүүс нийгмийн институцийн эрэг шурга болон, бусдын захиргаадал дор ажиллах бус, зөвхөн өөрийн дур зоргоор, өөрийн төлөө ажиллана. Гэвч зөвхөн өөрийн төлөө л хичээх энэ амтат эрх чөлөө үнэндээ чөлөөлөлт биш, туйлын эгоныхоо хязгааргүй шуналд зогсоо чөлөөгүй талхиулах шинэ төрлийн боолчлол байсан юмсанж. Өөрийн эгоны шуналд хязгаар үгүй тул бид туйлдталаа зүтгэж, тамирдталаа шамдсаар эцэст нь ажлаас халшрах эмгэг, сэтгэл гутралын баглаасандаа тэрийн ойчном бус уу.

Солонгос, Германы философич Хан Бён Чоль бол Европ төдийгүй барууны ертөнцөд хамгийн түгээмэл уншигддаг, бүтээлүүд нь дэлхийн маш олон оронд орчуулагдсан, шинэ хэлнээ хэвлэгдэх бүртээ академик орчин болон олон нийтийн дунд баялаг яриа хөөрөөг дэгдээж чаддаг, нэн шинэ үеийн тун сонирхолтой сэтгэгчдийн нэг билээ. Тэрээр эдүгээ Берлиний Урлагийн Их Сургуульд багшилж байна.

Зохиогч: Хан Бён Чоль
Орчуулагч: Амарсанаагийн Амармэнд
Редактор: Батсуурийн Баясгалан
Хавтасны дизайнер: Зандангаравын Мандах

Эрхлэн гаргасан: Тагтаа Паблишинг


Өөрийгөө сэтгэл зүйн хувьд тогтворгүй, анхаарал төвлөрөх чадваргүй нэгэн болчихлоо гэж зовниод, жаргал нь зовлон болсон золиг гэж буруутгаад байсан чинь ганцхан миний асуудал биш бололтой. Хүмүүсийн яриаг чагнасан ч, сүүлийн үед ихээр гарч буй ном зохиол, нийтлэл судалгааг анзаарсан ч бидний олонх л ийм асуудлуудтай байх шиг. Эдгээрийг хөндөж бичсэн нэг ном бол Хан Бён Чоль гэж Солонгос, Германы философичийн бичсэн “Тамирдсан нийгэм” юм. Англи нэр нь “Burnout Society”.

“Сэтгэл гутрал, анхаарал дутмагшил, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлын эмгэг, ажлаас халшрах эмгэг зэрэг нейрологийн өвчлөлүүд хорин нэгдүгээр зууны эхэн үеийн эмгэг судлалын шинжлэх ухааны дүр зургийг тодорхойлж байна” гэж энэхүү ном эхэлнэ.

Өмнөх зууны нийгэм дэг журмыг дагаж мөрдөх шинж чанартай байсан бол энэ зууны нийгэм бүхнийг чадах хандлагаас бүрдсэн гэнэ. Хязгааргүй их “Чадах”-аас бүрдсэн өнөөгийн нийгмийг зохиолч амжилтын нийгэм гэж тодорхойлон “Боломжгүй зүйл үгүй гэж үздэг нийгэмд л боломжтой зүйл үгүй гэх сэтгэл гутралд өртсөн хувь хүнтэй таарах боломжтой” гэжээ. Угтаа бол чадна, бүтээнэ, хөгжинө, хөгжүүлнэ гэсэн энэ их урам зоригийн хандлагаар дүүрсэн өнөөгийн нийгэм сэтгэл гутралынх, бүтэлгүйчүүдийг бүтээж байгаа аж.

Би анхаарал төвлөрөх чадвар минь яагаад муудсаныг, сэтгэлээр унахад юу нөлөөлөөд байгаа тухай өмнө нь бодож, гадарлаж байсан ч энэ номыг уншсаны дараагаар л илүү цэгцтэй, тодорхой байдлаар учир шалтгааныг тунгааж эхлэв.

Төвлөрөх чадвар минь унасан гол шалтгаан нь олон зүйл амжуулах гэсэн бүтэлгүй оролдлогуудаас улбаатай. Зөвхөн кинондоо л анхаарлаа хандуулаад бүтнээр нь үзээд дуусгачих ч чадваргүй болчихсон байсан нэг мэдэхэд. Энийг “Олон үүрэг даалгавар нэгэн зэрэг биелүүлэх чадвар бол дэвшил биш ухралт. Олон үүрэг нэгэн зэрэг биелүүлэх чадвар амьтанд л илүү хөгжсөн байдаг. Учир нь энэ бол зэрлэг байгальд амьд үлдэхэд зайлшгүй шаардлагатай анхаарал төвлөрлийн техник юм” гэж гоё хэлжээ. Олон зүйлрүү харайж орох, олон юм амжуулах гэж чичрэх үнэхээр л хортой санагдаад байгаа. Нэг тийм сэглэгдсэн мэдрэмж.

Харин сэтгэлээр унах шалтгаанаа хоорондоо холбоотой дараах зүйлсээр төлөөлүүлж байна. Эхнийх нь юу ч чадахгүй, юу ч мэдэхгүй байгаагаа улам бүр ойлгон гутрах мэдрэмж. Эргэн тойрны хүмүүс бүгд л ямар нэгэн зүйлийг үнэхээр сайн мэддэг, үнэхээр сайн хийдэг байхад надад тэгж сайн мэддэг, чаддаг зүйлс түй ч байдаггүй шүү. Ийм бодол төрөөд, гүнзгийрээд байхаар чинь түмний нэг байх гэж хичээдэг миний итгэл нураад л өгч байгаа юм.

Дараагийнх нь өмнө дүрсэлсэн чадаад, мэдээд байгаа хүмүүсийн ихэнх нь үнэхээр чаддаг, мэддэг биш зүгээр л дүр эсгэсэн гарууд болохыг таниад энэ нийгэм шал худлаа юм байна гэсэн бодол төрөх. Энэ нь цаашлаад амьдралын утга учир бла бла гэсэн өргөн хүрээний санаа зовних асуудал болж сэтгэл тамлах, тэгээд гутрах. Нээрэн бүр хаашаа л харна амжилттай, тэмүүлэлтэй, эрч хүчтэй, ихийг амжуулдаг, бүхнийг чаддаг мэт харагдах гэж хичээсэн хүмүүс. Энд тэндхийн хурал, цуглаан дээр аливаа асуудлыг үнэхээр сонирхсон доо биш зүгээр л өөрийгөө харуулах гэсэн дээ үг хэлж явдаг ухаантнууд бол тэдгээр хүмүүсийн төлөөлөл. За тэгээд идсэн хоол, авсан хувцас, турсан нууц, сурсан сургууль гээд гайхуулж болох бүх юмаа хий хоосон байдлаар гайхуулж явдаг хүмүүс дараагийн жишээ нь. Хэдэд эрэмбэлэгддэг сургуулийг төгссөнөө л энд тэнд ярьж явахаас сурсан сургуулиасаа юу ойлгож үлдсэнээ ярьдаг нь цөөхөн. Энэ жишээнд намайг оролцуулаад бидний ихэнх багтана. Угаасаа л өрсөлдөөний, амжилтын нийгэм юм.

Үүнийг номын дараах өгүүлбэрээр төлөөлүүлж болно. “Өөрийн гэсэн зан чанар болон тодорхойлолтоор дутмаг нэн-орчин үеийн эгог нүүр номд олон найз нөхөдтэй хүмүүсээс харж болно. Өөдрөгөөр харвал өөрийн гэсэн зан чанаргүй ийм хүн ямар ч дүрд тоглож, ямар ч үүргийг гүйцэтгэж, ямар ч хэлбэрийг хүлээн авах чадвартай уян хатан байдаг. Ийм хэлбэр дүрсгүй уян хатан байдал нь эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай байдаг”.

Өөрөө дээр дурдсан жишээнд багтах болсноо хүлээн зөвшөөрч, даруухан биш нэгэн болж байгаадаа тавгүйтэх нь сэтгэлээр унах бас нэг шалтгаан болчхож байгаа юм. Гайтай тээ хаха. Уг нь би өөртөө хэт итгэлтэй хүмүүсээс айдаг хүн. Өөрийгөө битгий гол, чи бүхнийг чадна, гэх мэт бараг л энэ ертөнц чамайг л тойрч эргэн, энэ нар чиний л төлөө мандаж байгаа гэсэн утгатай зөвлөгөө надад таатай санагддаггүй. Өөрийгөө хэт чадамжтай, потенциалтай гээд итгэчихсэн, сайн сайхан гэдгээ баталж харуулах гэж тэмцэж явсаар байгаад сүүлдээ түүндээ үнэмшээд өөрийгөө үнэхээр лут хүнээр төсөөлж, дуулсан дуундаа уярч явдаг шалихгүй савтай хүмүүсээс ч жийрхдэг. Тэгсэн сүүлийн үед надад ч бас ийм шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Бусдыгаа дуурайгаад бүх л сэдвээр бурмаар санагдах болсон. Чи наад асуудлаа сайн мэдэхгүй ш дээ муу "суга" гэж бодож л арай хийн амаа жимийж байна.

Ном дээр дүрслэгдсэнээр миний сэтгэл гутрал, анхаарал дутмагшлын шалтгаанууд, зан чанарын өөрчлөлт нь өнөөгийн амжилтын нийгмээс улбаатай аж. Хэрэв зээ үнэн бол энэ асуудлууд ганцхан намайг шаналгаагүй, бид нийгмээрээ л нэг тийм сэтгэл зүй, оюун санааны асуудалтай байгаа юм шиг. Бас бид өөрсдөө энэ асуудлуудаа олж таниад, философичид, эрдэмтэд нь бичиж, судлаад эхэлсэн байна. Тэгэхээр тун удахгүй залхуу байх, тэнэг байх, бүтэлгүй байх огт буруу, муухай зүйл биш гээд бүгд яриад яг л бүтээмжтэй, амжилттай амьдралын хэмнэлийн уриалга шиг тархаад эхэлчхэж ч магадгүй юм.


Бичсэн Батболдын Батчимэг