Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "ДЭМБ-ын гуравдугаар сарын 09-ний мэдээгээр дэлхийн 109 оронд шинэ коронавирусийн нийт 100577 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барж, нас баралтын нийт тоо 3584 боллоо. 

Шинээр Албани, Бангладиш, Кругвай зэрэг оронд тус халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д 80 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 70 хувь нь эдгэрч, эмнэлгээс гарсан.

Иранд 743 тохиолдол шинээр нэмэгдсэн. Италид тохиолдлын тоо 1492 болж, нас барсан хүний тоо 463 хүрлээ. Өчигдрөөс тус улсад хөл хориог орон даяар тогтоож, 60 сая гаруй хүн хамрагдсан. 

Дэлхийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо 100 мянга давж, 100 гаруй улсад халдвар бүртгэгдлээ. Нийт тохиолдлын 93 хувь нь дөрвөн улсад бүртгэгдсэн. Тэдгээр дөрвөн орноос БНХАУ дэгдэлтийг хяналтдаа авч, БНСУ-д халдварын тоо буурах хандлагатай байна. Тус улсад шинээр 248 тохиолдол нэмэгдсэн. 

Халдвараас сэргийлэх шийдвэрлэх арга хэмжээг эрт үед авах нь чухал байна. 

ДЭМБ-аас тохиолдол бүртгэгдээгүй, импортын тохиолдол бүртгэгдсэн болон голомтлон тархаж буй улс орнуудад тохиолдлыг эрт илрүүлэх, лаборатороор оношлох, тусгаарлах, хавьтлыг судлах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна" хэмээлээ.