Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газраа техникийн хувьд илт бүрэн бус зөрчилтэй 247.239 тээврийн хэрэгслийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар шийтгэл оногдуулж ажиллажээ.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдалтай холбоотой зөрчлийн тоо буурахгүй байгаа үндсэн шалтгаан нь жолооч, эзэмшигч, өмчлөгч нарын зүгээс өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлдэггүй, илт бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой юм.

Хяналт шалгалтаар техникийн хувьд бүрэн бус, өнгө үзэмжгүй, утаа хаялт ихтэй зэрэг зөрчилтэй нийт 7174 жолоочид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар шийтгэл оногдуулжээ.

Эдгээр техникийн хувьд зөрчилтэй тээврийн хэрэгслүүд нь Автотээврийн үндэсний төвийн салбар техникийн хяналтын үзлэг оношилгооны төвд оношилгоонд хамрагдаж замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл авсан байсан.

Тухайн хяналт шалгалтын үр дүнгээс дүгнэхэд тээврийн хэрэгсэлд жил бүр хийгддэг техникийн хяналтын үзлэг, оношилгоог хийж буй Автотээврийн үндэсний төвийн салбар оношилгооны төвүүдийн инженер, техникийн ажилчид Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ыг мөрдлөг болгохгүй илт бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй, өнгө үзэмж муу тээврийн хэрэгслийг шалгахгүйгээр тэнцүүлэх үйлдэл гарсаар байна.

Мөн техникийн үзлэг, оношилгоонд хамрагдаж тэнцсэн гэх боловч илт бүрэн бус зөрчилтэй тээврийн хэрэгслүүд ихээр илэрчээ.

Эдгээр зөрчилтэй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 7384 жолоочид торгуулийн шийтгэл оногдуулсан байна.