Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд гарсан томоохон ахиц дэвшлүүдийн нэг нь үнэт цаасны давхар бүртгэлийн ажиллагааг зохицуулах журмыг СЗХ, МХБ хамтран боловсруулж, хамгийн эхний давхар бүртгэлийн компани болох Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ ресурс девелопмент корпорейшнийг МХБ-д бүртгэсэн явдал билээ.

Тус компанийн хувьцаа нь одоогийн байдлаар гадаад, дотоодын захуудын хооронд хөрвөн арилжаалагдах боломжгүй байгаа хэдий ч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд хориглосон заалт байхгүй, журмаар зохицуулан хил дамнуулан арилжих боломж нээлттэй байна.

Хувьцааг хил дамнуулан арилжаалах зохицуулалтыг бий болгосноор ханшийн тэнцвэртэй байдлыг хангах, дотоодын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой тул холбогдох журмыг боловсруулах чиглэлээр зах зээлийн мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах саналыг СЗХ-нд хүргүүллээ.