Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгааны 2019 оны 1-р улирлын үр дүнг танилцууллаа.

Энэхүү судалгаа нь иргэдийн санхүүгийн зах зээлийн оролцоо болон санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийг судлах зорилготой бөгөөд 2016 оны 3-р улирлаас хойш хийгдэж байна. Судалгааг санамсаргүй түүврийн аргаар хийж, Монгол Улсын хэмжээнд 1000 орчим иргэдийг хамруулжээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 40.2% нь өнгөрсөн 6 сарын хугацаанд санхүүгийн байгууллагуудаас зээл авсан байна.

Зээл авсан байдал нь өмнөх улиралтай ойролцоо байна. Нийт иргэдийн 31.5 хувь нь арилжааны банкнаас, 12.0 хувь нь ломбардаас, 6.1 ББСБ, 7.4 хувь нь хувь хүнээс зээл авчээ. Зээл авсан иргэдийг зээл олгосон байгууллагаар нь харвал арилжааны банк 78.2%, ломбард 29.9%, хувь хүн 18.4%, ББСБ 15.2% эзэлж байна. Эндээс үзвэл, иргэдийн 48.3% албан бус сектор буюу ломбард, хувь хүнээс зээл авчээ.

Зураг 1: Хот, хөдөөгийн иргэдийн зээл авсан байдал

Иргэдийн 14.8% нь хөрөнгийн биржийн арилжаанд хэрхэн оролцох талаар сонирхож байсан гэж хариулсан бол 77.3% нь үгүй, 7.9% нь мэдэхгүй гэж хариулсан.

Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн ердөө 3.9% нь үнэт цаасны арилжаанд оролцож байжээ.

Сонирхож байсан иргэдийн 20.0% нь өмнө нь хөрөнгийн биржийн арилжаанд оролцож байсан бол 80.0% нь оролцож байгаагүй байна. Эндээс үзэхэд үнэт цаасны арилжаанд оролцохыг сонирхож байсан иргэд ч үнэт цаасны арилжаанд оролцох байдал доогуур байна. Хөрөнгийн биржийн арилжааг сонирхохгүй байгаа шалтгааныг асуухад 36.9 хувь нь арилжаанд хэрхэн оролцохоо мэдэхгүй, 65.1 хувь нь мэдээлэлгүй гэж хариулсан. Түүнчлэн, 13.4 хувь нь арилжаанд оролцох хөрөнгө, мөнгө байхгүй шалтгаанаар сонирхдоггүй байна.

Зураг 2: Хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол

2019 оны 1-р улирлын байдлаар нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 20 хувь нь сайн дурын ямар нэг даатгалтай. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 3 пунктээр буурчээ. Нийт иргэдийн 73.8 хувь нь даатгалгүй бөгөөд энэ нь өмнөх судалгаатай харьцуулахад 6.9 пунктээр өндөр байна. Өндөр орлоготой бөгөөд өндөр боловсролтой, орон сууцанд амьдардаг иргэд илүүтэй даатгалд хамрагддаг. Мөн түүнчлэн, боловсролын түвшин доогуур иргэд даатгалын талаар мэдэхгүй гэж илүүтэй хариулжээ.

Зураг 3: Сайн дурын даатгалд хамрагдсан байдал

Даатгалд хамрагдаагүй иргэдийн 47.9 хувь нь хэрэгцээ шаардлагагүй гэж үзсэний улмаас даатгалд хамрагдаагүй байна. Энэ нь 2018 оны 1 улиралтай харьцуулахад 21.6 пунктээр өссөн байна. Харин даатгалын хураамж өндөр гэсэн шалтгаанаар 12.8 хувь нь даатгалд хамрагдаагүй гэжээ. Даатгалд итгэдэггүй гэдэг хариулт 12.8 байгаа нь 2018 оны 1 улиралтай харьцуулахад 2.1 пунктээр өсжээ.

Санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийг 2016 оны 3 улирлаас эхлэн тандан судлаад байна. 2019 оны 1 улирлын байдлаар санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл 2018 оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг өсжээ. Тухайлбал, 2019 оны 1-р улиралд СЗХ, хөрөнгийн бирж болон ББСБ-д итгэдэг иргэдийн хувь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5, 6.3 болон 0.7 пунктээр тус тус нэмэгдсэн. СЗХ-д итгэх итгэл 2017 оны 1 улиралтай харьцуулахад 11.9 пунктээр өсчээ. ББСБ болон даатгалын компаниудад итгэх итгэл аль аль нь 5.5 пунктээр нэмэгдсэн. Харин Монголбанкинд итгэх итгэл 2017 оны мөн үетэй харьцуулахад 14.2 пунктээр буурчээ.

Зураг 4: Санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл бүлгээр

Санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл нас, боловсрол, орлого, байршил болон сууцны нөхцлөөс хамааран ялгаатай байсаар байна. Боловсрол өндөр, насаар залуу, орон сууцанд амьдардаг, орлого сайтай иргэдийн хувьд санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл сайн байдаг.