Үндсэн хуулийн мэдлэгтэй болно гэдэг бол эмнэлэгийн салбарын хэллэгээр анхан шатны тусламжийн мэдлэгтэй болно гэсэн үг юм.

Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн мэдлэгтэй хүн өөрийгөө болон бусдыг өвчнөөс сэргийлэх боломжтой. Яг үүнтэй агаар нэгэн Үндсэн хуулиа мэдэж, ойлгох нь хууль, эрх зүйн хувьд анхан шатны тусламжийн мэдлэгтэй болно. Мөн Үндсэн хуульд хэрхэн хүний эрх, эрх чөлөөг хуульчилж, хэрхэн хангаж баталгаажуулсныг мэдсэнээр өөрийнхөө төдийгүй бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах, хуулийг ашиглах, хэрэглэх чадварт суралцана гэсэн үг.

Усны эхээс ундаалсан түмэн сэтгэл өег байхтай адил  хуулийн талаар анхны мэдлэгийг эх сууриас нь буюу Үндсэн хуулиас олж авснаар бусад хуулийн зохицуулалтыг эрж хайх зам дардан байх болно. 

Монгол Улсын бүх хууль, төрийн байгууллагын шийдвэрүүд Үндсэн хуульд нийцэх ёстой. Би, та Монгол Улсынхаа иргэний хувьд Үндсэн хуульд заасан эдлэх эрх, эрх чөлөөтэй, хүлээсэн үүрэгтэй. 

Надад, танд Үндсэн хуульд заасан ямар ямар эрх, эрх чөлөөний  заалт байдаг юм бэ? Би эрх, эрх чөлөөний аль зүйл заалтыг мэдсэнээр өөрийгөө хууль зүйн хувьд эрсдлээс хамгаалж, өөрийгөө хөгжүүлж чадах вэ?

Эхлээд та ийм бодлоор Үндсэн хуулиа уншиж танилцах хэрэгтэй. Мэдэх ёстой биш мэдсэнээр надад ямар хэрэгтэй вэ гэсэн асуултыг өөртөө тавьж уншиж судлах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Гадаадын иргэн аль нэг улсын иргэншлийг хүсэлтээрээ олж авах, хүссэн  улсынхаа иргэншилтэй болох боломж Үндсэн хуульд зөвшөөрсөн. Та ч гэсэн аль нэг улсын хувьд гадаадын иргэн шүү дээ. Та бас хүсвэл өөр улсын иргэншилтэй болж болох нь Үндсэн хуулиар зөвшөөрдөг. Тэгвэл тухайн хүн иргэншил хүссэн улсынхаа Үндсэн хуулийн мэдлэгтэй байх хуулийн шаардлагыг хуульчилсан байдаг. Тиймээс Үндсэн хуулийн мэдлэг хэр ач холбогдолтой вэ гэдгийг анзаарч харах болно. Бидний эрх, эрх чөлөөг тунхагласан Үндсэн хуулийн заалтанд эрх, эрх чөлөөг ач холбогдлоор нь эрэмбэлж, чухал чухал бус  гэж ялгаварлах нь буруу юм.  Иймээс хүний эрх, эрх чөлөөг ач холбогдлоор нь  ангилах шаардлагагүй гэдгийг ухаарах нь хамгийн эхний алхам. Харин эрх, эрх чөлөөнийхөө талаар сайн мэдснээр төр таны ямар эрхэнд хуулийн хүрээнд халдаж болохыг, мөн ямар эрхийг та хүн гэдэг утгаараа бусад улсад эдлэх ёстой вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.

Төр үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлалыг тогтоож болдог. 

Тэгвэл төр энэхүү хязгаарлалтыг тогтоохдоо таны ямар эрхийг үл хөндөх ётой талаар мэдлэгтэй болсноор та хүн гэх эрхмийнхээ хувьд үл хязгаарлагдах эрхээ дэлхийн аль ч улсад цаашилбал онц болон дайны байдалд ч эдлэх боломжоо мэднэ гэсэн үг юм.  

Энэ эрхүүд бол таниас салгаж үл болох, үл хязгаарлагдах халдашгүй эрхүүд юм. Үүнд хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө. 

Онц болон дайн байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Хязгаарласан хууль дээрх үл хөндөх эрх, эрх чөлөөг  хязгаарлахыг хориглосон байдаг. 

Та гэмт хэрэгт сэжиглэгдэж, гэмт хэрэг үйлдсэн ч байж болно. Гэсэн хэдий ч таныг Үндсэн хууль бусад хуулиар таны холбогдох эрхийг хамгаалж байдгийг бас мэдэх хэрэгтэй. Амьдрал баян шүү дээ.

Тэгвэл та Үндсэн хуульд зааснаар халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан  үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд  боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. ...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг байх...шудрага шүүхээр шүүлгэх эрхтэй...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.

Та дээрх эрхүүдийг Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд эдлэх эрхтэй. Уг эрхээ мэдсэнээр төрийн эрх бүхий албан тушаалтны хууль бус шаардлагад Үндсэн хуулийн холбогдох эрхээ тайлбарлаж, уг эрхээ хамгаалах бүрэн боломж Үндсэн хуулиар зохицуулагдсныг өөрөө ч бусдад ч мэдүүлэх болно. 

Аливаа зүйлийг зөвхөн мэдсэнээр өөртөө ашигтай байдлаар ашиглах боломж бүрдэхгүй цаашилбал ухаж ойлгож, учрыг тунгаасанаар мэдлэгээ амьдралд хэрэгцээ шаардлага болгож хэрэглэх нь хамгийн чухал билээ. Мөн Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ. Бидний сонгосон УИХ –ын гишүүд ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана.

Тэгэхээр бид төрийг удирдах байгууллагаа өөрсдөө сонгож, сонгосон төлөөлөгчид нийт иргэн, эх орныхоо ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд эрхэмлэн баримтлах юм байна гэсэн Үндсэн хуулийн заалтаас бидний эрх ашигт нийцсэн, хууль бусад шийдвэрийг батлан гаргах, хэрэгжүүлэх ёстой иймээс бид өөрсдийн хяналтыг хэрэгжүүлэх боломжийг Үндсэн хуулиас эрэлхийлэх ёстой. Үндсэн хуульд нийгмийн  амьдралын бүхий л харилцааны үндэс оршино байдаг. Иймээс Монгол Улсын Үндсэн хууль хэмээх VI бүлэг, 70 зүйлтэй хууль нь Монголын ард түмэн бид гэж эхлэж “Мэдэгтүн, сахигтун!“ гэж төгсдөг ийнхүү бидэнд зориулсан  хуулийг бид мэдсэн байх, мэдсэн мэдлэгээ ашиглах үүднээс Үндсэн хуулиа биелүүлэх утга учир оршин буй энэ билээ. Бидэнд Монгол Улсын Үндсэн хуулиас эрэх агуулга, эрх зүйн зохицуулалтыг цуврал болгон ярилцах сэдвүүд булаг адил ундраастай мөн та бүхэнтэй хуваалцах Үндсэн хуулийн заалтын үзэл баримтлал, онолын асуудлаар үргэлжүүлэн ярилцах нээлттэй шүү. Үндсэн хуулийн ганц нэгхэн заалт, зүйлийг энгийнээр тайлбарлаж хүргэхийг хичээлээ.