Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Уран зургийн галерей, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Дүрслэх урлагийн музей, Үндэсний номын сан, Соёлын яаманд тус тус ажиллалаа.

Соёл, урлагийн газрууд гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэсэгчлэн буусантай холбогдуулан есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн халдвар хамгааллын дэглэмийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлж, бэлтгэл сургуулилт, үзвэр үйлчилгээгээ жигдрүүлсэн байна.

Ерөнхий сайдыг Үндэсний төв номын сангийн барилга угсралтын ажлын явцтай танилцах үед Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөл Ерөнхий сайдтай уулзаж, дараах гомдол хүсэлтийг гаргалаа. 

Энэ нь Үндэсний төв номын сангийн барилга болон дээрхи 12а, 12б орон сууцны байрны дунд 16 давхар бүхий орон сууцны барилгыг өнгөрсөн долдугаар сараас барьж, дөрөвдүгээр давхар хүртэл угсралт хийж байгаа явдал аж. 

Номын сан болон орон сууцны байруудаас 7 метр хүртэлх зайтай, орох гарах гарц хаасан, байгалийн гэрэл тусах боломжгүй, үзэгдэх орчин хязгаарласан, хүүхдийн тоглоомын талбай, автозогсоол байгуулах боломжгүй нөхцөл үүссэн зэрэг олон сөрөг тал бий болжээ. 

Ерөнхий сайд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад орон сууцны барилгын норм, стандарт зөрчсөн байж болзошгүй байдлын талаар судалж, шийдвэрлэх гарц олохыг НЗДТГ-ын дарга болон бусад албан тушаалтнуудад үүрэг болгов. Энэ дагуу холбогдох шийдэл гартал тус 16 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг НЗД-ын захирамжийн дагуу түр зогсоох шийдвэрийг тэр даруй гаргалаа.