Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран ирэх наймдугаар сарын 11-15-нд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол”  наадмыг зохион байгуулна.  

"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Үндэсний спортын VI их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 2000 гаруй үндэсний спортын тамирчид Хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билиг, авхаалж самбаа, ур чадвараа сорих юм.

Үндэсний спортын их наадам нь үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйл, соёлын биет болон биет бус өвийг өсвөр үеийнхэнд өвлүүлэн таниулах, гадна дотнын жуулчид болон судлаачдад сурталчлан таниулах зорилготой юм. Наадмыг олон нийтийн дунд түгээмэл дэлгэрсэн дараах төрлөөр зохион явуулна. Үүнд, 

  •    Үндэсний бөх,
  •    Үндэсний сурын харваа,
  •    Хурдан морины уралдаан,
  •    Шагайн харваа,
  •    Ширээний шагай,
  •    Жороо морины уралдаан,
  •    Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч,
  •    Буриад, урианхай, уламжлалт сурын харваа багтаж байна.

Анхан шатны тэмцээн аймаг, дүүргийн хэмжээнд энэ оны эхний хагас жилд зохион байгуулагдсан бөгөөд  шалгарсан баг, тамирчид Хүй долоон худагт болох шигшээ тэмцээнд оролцох эрхээ аваад буй юм.