УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг “Үндэсний ном, бичиг соёлын өдөр” болгон нийтээр тэмдэглэх тухай хуулийн төслийг энэ сарын 18-нд УИХ-ын даргад өргөн барьсан.

Жил бүрийн дээрх хугацаанд "Номын баяр"-ыг уламжлал болгон тэмдэглэдэг, мөн нийтээр тэмдэглэх өдөр олон байгаа учир ийм хуулийн төсөл өргөн барих шаардлагагүй гэж шүүмжилсэн иргэн цөөнгүй буй байна. Энэ талаар тус хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүд өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Үндэсний ном, бичиг соёлын өдрийг дээрх хугацааны амралтын хоёр өдөр тэмдэглэхээр тусгасан. 

Үндэсний бичиг соёл, тэр дундаа оюуны өвийг өсвөр үеийнхэнд хадгалан үлдээх, үүнийг төрийн бодлогоор дэмжих, монгол ном, бичгийн баярыг олон улсын хүрээнд тэмдэглэх боломжийг олгох үүднээс энэ хуулийн төслийг санаачлан өргөн барьсан.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд зохиолч, хэвлэлийн компани, төрийн бус байгууллагуудын дэмжлэгээр "Номын баяр"-ыг тэмдэглэж ирсэн. Гэвч төв талбайд хоёр өдөр номын худалдаа зохион байгуулснаар хязгаарлагддаг. Харин үндэсний баярын өдөр болгон хуульчилснаар монгол хэл, соёлоо олон улсын хэмжээнд сурталчлах, мөн ЕБС, эцэг эх, багш, их дээд сургууль зэрэг нийгмийн бүх талын оролцоог нэмэгдүүлэх давуу талтай. Энэ нь төрийн болон соёлын дархлааны хувьд ач холбогдолтой" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Дэлхийн олон оронд үндэснийхээ ном болон бичиг, соёлын өдрийг тэмдэглэдэг. Тиймээс тэмдэглэлт өдөр болгохоор бид гурав энэ хуулийн төслийг өргөн барьсан. Түүнээс биш амралтын өдрийг нэмэх асуудал огт биш. Жилд хоёр удаа бямба, ням гарагт үндэснийхээ ном, бичиг соёлыг тэмдэглэж өнгөрөөнө гэсэн агуулгатай" гэв.