Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралдаж,  коронавируст халдварт цар тахлын үед Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах түр журмын төслийг хэлэлцэн батлав.  

Журмаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах явцад "КОВИД-19" халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбоотой үүсэх бүхий л харилцааг зохицуулна.

Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй үүднээс Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т, Төрийн хүндэтгэлийн концертыг СТӨ-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлыг эхлүүллээ. 

Бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авах бөгөөд биеийн халууныг нь хэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиулж, мэргэжлийн албан хаагчид байнгын хяналт тавьж жижүүртэй ажиллахаар журамлав.

Зөвшөөрөгдсөн бөхийн барилдаан, сур шагайн харваа, 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, технологийн шийдлийг ашиглан нийт ард түмэндээ теле болон онлайн хэлбэрээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.