Үндэсний их наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, энэ жилийн Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 

Дэлхий нийтээр цар тахлын хэмжээнд хүрээд буй коронавируст халдвараас сэргийлж, Үндэсний их баяр наадмын арга хэмжээг 100 хувь телевиз, цахимаар олон түмэнд хүргэхээр бэлтгэж эхэлжээ.

"Өнгөрсөн жилүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж баяр наадмын нээлт үзэхээр хүмүүс олноор дугаарлаж, чирэгдэл үүсгэдэг байсан нь нийслэлчүүдийн 1 хүрэхгүй хувь байсан. Нийт хүн амын 99 хувь нь морь, бөх, сур, шагайгаа телевизээр үздэг. Энэ жил бол бүгд телевиз, хэвлэл мэдээллээр үзнэ" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний их наадмыг зохион байгуулах хорооны гишүүн Ц.Ганзориг мэдээллээ.