Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралджээ. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар багтдаг.

Тус хурлаар Н-09/08 дугаар бүхий зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэх"-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр өргөн баригдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх захирамж гаргалаа.

Тус хуулийн төслийг Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор санаачилсан аж.