Улсын Дуурь Бүжгийн эрдмийн театрын шинэхэн гоцлооч балетын жүжигчин Ө.Мөнхжинг танилцуулж байна. Тэрээр багаасаа бүжиг, спортоор хичээллэж ОХУ-ын Перм хотын ПГХУ сургуульд балетын жүжигчин мэргэжил эзэмшжээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Ярилцлагаа эхлэхээсээ өмнө цар тахлын үеэр уран бүтээлчид хэрхэн бэлтгэлээ хийж байв?

-2 дугаар сараас хойш хөл хорионоос болоод ДБЭТ-т тоглолт тавигдаагүй. Харин бэлтгэл сургуулилтаа өдрийн 1-2 цаг хийж ирсэн. Бэлтгэлийн цаг хангалтгүй болохоор өөр өөр газар очиж бэлтгэл хийж байгаа. Бараг жил орчим тайзан дээр гараагүй юм байна. Тайзан дээрээ гарахыг маш их хүсэж байна.

- Буцаад тайзан дээрээ гарахдаа ямар дүрд илүү их тоглохыг хүсэж байна вэ?

-Хамгийн их бүжиглэхийг хүсэж байгаа дүр  гэвэл “Хунт нуур”-ын ханхүүгийн дүр.  Дэлхийн сонгодог урлагийн сод бүтээлүүдийн нэгд тооцогдох болсон "Хунт нуур" бол үзэгчдийн хамгийн их хүсэж үздэг балет юм.  Энэ сараас ДБЭТ энгийн цагийн хувиараараа ажиллана. 10 дугаар сараас тоглолтууд эхлэнэ.

- Бүжиглэж байсан дүрүүдээс тань хамгийн их шаналгасан бүжгэн жүжгээ нэрлэхгүй юу?

- Би “Жизель” бүжгэн жүжигт дуртай. “Жизель”-ийн сонгодог урлагийн бүжгэн жүжгийн бүх цаг үеийн хаан бүтээл гэж нэрлэдэг_ Бас хамгийн хэцүү нь ч “Жизель”.  Нэг удаа гол дүрд нь тоглож байсан маш их ур чадвар шаардсан балет.

-Эрэтэй балечид жингээ барихын тулд дэглэм баримталдаг уу?

- Эрэгтэй бүжигчдийн хувьд дэглэм барих шаардлага байдаггүй. Харин биеийн формоо алдахгүйн тулд өдөр болгон хүчний болон сунгалтын дасгалуудыг хийдэг. Хэдхэн хоног дасгал хөдөлгөөн хийхгүй орхивол буцаад формдоо ортол цаг хугацаа их зарцуулна даа.

- Өөрийг тань балетын жүжигчин болоход нөлөөлсөн зүйл?

- Ээж маань анх намайг 4 дүгээр ангид байхад “Хөгжим бүжгийн коллеж”-д дагуулж очоод шалгалт өгч тэнцсэн. Тэр үед нэг багш намайг ОХУ руу бүжгийн сургуульд явах хүүхдүүдийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа шалгуулаад үзээрэй гэсэн юм. Тухайн үед ээжтэйгээ очоод шалгалтыг нь өгч ОХУ-ын Перм хотын ПГХУ сургуульд суралцах хүүхдийн нэг болсон. Ерөнхийдөө ээж маань л анх энэ урлагт хөл тавихад минь тусалсан.

- Шантрах үе гарч байв уу ?

- Шантрах үе зөндөө. Бэлтгэлийн үеэр хөл, гараа гэмтээхээс эхлээд багшдаа бүжиглэмээргүй санагдатлаа загнуулна. Энэ мэт хүнд хэцүү зүйл зөндөө бий. Тэр болгонд миний сонгосон зам гэж бодоод л хэцүү бүхнийг даваад гардаг даа. Хамгийн их шантарч байсан нь нуруугаа гэмтээж байсан үе. Тэр үед би дахиад бүжиглэж чадахгүй нь гэж бодсон. Гэхдээ мэргэжилдээ маш их хайртай болохоор бэртлээ даваад гарсан. 

-Ямар ямар тэмцээн уралдаанд оролцож байсан бэ?

- Анх 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон “IBCC 2017” тэмцээнд хоёрдугаар курсийн оюутан байхдаа оролцож тусгай байр эзэлсэн. Тэгэхэд маш их урам зориг авсан. Дараа нь 2019 онд ОХУ-ын Улан-үдэ хотод болсон “Российско-Японский Евразийский конкурс артистов балета” тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртэж байсан.

- Тэмцээний бэлтгэлээ хэдий хугацаанд хийсэн бэ?

- Бэлтгэлээ дандаа ажлын бус цагаар өдөр болгон хийдэг байсан. Тэмцээний бэлтгэлийн үер шахуу цагийн хуваарьтай байдаг.

-Бусад орны бүжигчид хэр бэлтгэлтэй байв?

- Ерөнхийдөө бүжигчдийн бэлтгэл сургуулилт хэр их хийсэн нь тайзан дээр үзүүлбэрээ үзүүлэх үед л харагдана. Мэдээж тэмцээнд оролцсон бүжигчид бүгдээрээ маш сайн байсан. Бас өөрийгөө илүү их дайчилж, хичээх хэрэгтэй юм байна гэж харсан.

- Балетийн урлагаар хэдэн настайдаа хичээллэх боломжтой вэ?

- Хэдэн ч насны хүн хичээллэх боломжтой. Хамгийн бага нь дөрвөн наснаас эхлэнэ. Балет бол хүнд гоо зүйн мэдрэмж, биеэ авч явах соёл, хөдөлгөөний дутагдал, биеийн зөв галбир гээд олон талын ашигтай урлаг.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын  ажилд тань амжилт хүсье.