Ер бусын сонин гойд үйл явдал, гэнэтийн гайхамшигт учрал тохиолдыг хурц зөрчил, уран шийдэлтэй урлан бичих хүүрнэл зохиолын нэгэн өвөрмөц төрөл бол новелла хэмээх туурь юм. 

Богино тусмаа авьяас, ур чадвар шаардана. Түүхэн туурь бичлэгт судалгаа сайтай, гярхай дүрслэлтэй, үг хэллэг нь амьд өгүүлэмжтэй, үйл явдлын учир битүүлэг зангилааг хүний санаанд оромгүй урнаар тайлах авьяас  билигтэй, онцгойрох нэгэн зохиолч бол ТАНГАДЫН МАНДИР хэмээх эрхэм хүмүүн юм аа. 

"Нөмгөн эр" тэргүүт арван нэгэн тууриас бүрдэх бөгөөд түүхэн эх сурвалжид тулгуурлан сонин содон үйл явдлуудыг чимхлүүр нарийн урласан нь түүхэн цаг үед очсон мэт мэдрэмж төрүүлнэ. 

Зарим нэг туурийг сонирхож үзвэл  "Сайн эрсийн наадаан" туурьд Өмнөд Сүн улсын "Дотоод замын илдний хаан" гэж алдаршсан гарамгай баатрыг Монгол цэргийн аравтын ахлаач жир залуу  буулган авсан  тухай адал явдалт кино мэт сонин сайхан үйл явдал гарна. Урьд өмнөх таагүй учралын улбаа хожим өс зангидах учрал тохиол  болно гэж хэн санах билээ. Монгол  жирийн цэрэг эрсийн дунд зэвсгийн эрдэмд гарамгай баатрууд эгэл даруухан аж төрөх бүлгээ. Хөх төрийг доромжлосны хариуг хэрхэн авсан тухай  адармаатай түүх. 

Мэндлэхүй туурьд Тэмүжин зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр мэндэлсэн болохыг алтан ургийн аугаа сударч Инжиннаш олон эх сурвалж, мэдээ зангид түшиглэн мадаггүй тогтоосныг батлан өгүүлэхийн зэрэгцээ мэргидийн цус үсэрсэн байж магадгүй гэх атгаг сэжигийг бүрнээ  няцааж нөж атган төрсөн учир шалтгаан бэлгэ тэмдгийг тайлан  Бургидай зайран "Боржигоны үр мэргидийн буруу дуслыг ийнхүү атган сарниулжээ" гэх нь тэнгэрийн үг буюу. 

МӨНХЖИХҮЙ туурьд Чингис хааны эцсийн мөчийг өгүүлэхдээ зүүд зөн совингоор дамжуулан тэнгэрийн хүү тэнгэртээ одсон тэр гайхамшигт учрал тохиолыг сэтгэл огштол уран  яруу дүрслэн буулгасан нь биширмээр. Зарим нэг түүхэн сурвалжид Чингис хаан Тангудыг дайлж яваад Тангудын Шударга хааны Гүрвэлжингоо гэгчид "нууц орноо мэслүүлж халив" гэсэн нь хэмээсэн нь гэнэн ташаарал болохыг залруулж тэр үед их хаан Алтан улсын  өрнөд хилд гүн цөмрөн байлдаж яваад таалал төгссөн болохыг нотлон өгүүлжээ. 

Нөмгө эр тууриас үзвэл дундад зууны тэр үед хүн хүнээрээ байсан тул зан заншил, хэв ёс гэх бичигдээгүй хууль хэн хүнийг ялгалгүй үйлчлэх амой. Нийгмийн харилцааг хуульчилах тусам хүнийг хүнээс нь салгаж чөдөр тушаатай мэт хөөрхийлөлтэй болдог юм шиг. Хархорумын модоч уран Лавай гэх эр хот даяар алдаршсан уран гартан атал ганц ваар архинаас  болж хэв ёсыг зөрчсөн тул үлдсэн насаа гуниг үүрэн өнгөрүүлсэн сургамжтай түүх байна.

Самуун явдал, бузар булайг цээрлэдэг, хэв ёсоо хууль мэт чандлан сахидаг тэр цагт хүмүүс амар амгалан сэтгэл дүүрэн аж төрж байсан нь эргэлзээгүй. Хөгжил дэвшил улам өөдөө цойловч хүн нь өөрөө улам бүр уруудан яваа энэ цагт харанхуй балар мэт санагдах тэр үед харин ч "жинхэнэ"  ёс журамтай хүмүүс амьдарч байсны барим тавин жишээ энэ буюу. 

Туурь болгон нэг сонин түүх хүүрнэж, мэдлэг зузаалах нь энэ бэсрэг ном "үхрийн махыг үнхэлцэгт нь багтаасан" мэт чадал чансаатай бүтээл болохын нотолгоо юм. Богинохон зайд хэн хүний сонирхолыг гойд татах, гоц сонин үйл явдлыг багтаан бичнэ гэдэг хэн хүний дураар чадах зүйл биш учир өвөрмөц этгээд энэ төрөлд авьяастнууд л хүчээ сорих бүлгээ.

Хөх Монголын түүх дуусаж дундрашгүй арвин баялаг тул санаа сэдэл авч гоц уран бүтээл туурвих нөөц шавхагдашгүй юм. Зохиогч түүхч хүн учраас баримт судалгаа нь мундаг эргэлзээгүй, зураач хүн учраас орчин ахуйг нүдэнд харагдтал дүрсэлж, бичгийн авьяасаар урлан бичихийн шидийг үзүүлж энгүүн мөртлөө гайхалтай сайхан бүтээл туурвидагийг манай уншигчид андахгүй бизээ.