Улсын онцгой комиссын Шуурхай штабаас коронавирустэй холбоотой арга хэмжээ, нөхцөл байдлын талаар өнөөдөр Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд танилцуулж, цахимаар олон нийтэд мэдээлэл өгөв.

Энэ үеэр Улсын онцгой комиссын шуурхай штабын санхүүтэй холбоотой мэдээллийг дэд хурандаа н.Гантамар танилцууллаа. 

Тэрээр "Санхүүгийн багт ОБЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын бие бүрэлдэхүүн болон Сангийн яамны алба хаагчид оролцож ажилласан. Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой багагүй зардал гаргасан. 730.6 сая төгрөгийг ОБЕГ, Шадар сайдын багцаас зарцуулсан. 

Мөн бид хандивын хөрөнгийн үйл ажиллагааг хариуцаж байна. Одоогийн байдлаар 2 тэрбум 530 сая төгрөгийн хандив орж ирсэн. Үүнээс мөнгөн хэлбэрээр 2 тэрбум 235.8 сая төгрөг, бараа материал болон бусад эд зүйлсийн хандив нь 294.5 сая таграг болсон. 

Мөн Шадар сайд, ОБЕГ-ын даргын тушаалаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 240 сая төгрөг, МХЕГ-т 150 сая төгрөг, ЦЕГ-т 100 сая төгрөг, Хил хамгаалах ерөнхий газарт 100 сая, ОБЕГ-т 150 сая, Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаанд 139.4 сая, Цэргийн оёдлын үйлдвэр, ШШГЕГ-ын харъяа 407, 409 дүгээр хорих ангиудаас 85.000 ширхэг амны хаалт худалдан авч яам агентлагуудад хуваарилан олгосон. Эдгээрт нийт 964.4 сая төгрөг зарцуулсан.

Манай баг мөн тусгаарлагдаж буй иргэдийн төлбөр тооцоог хариуцаж ажилласан. Гуравдугаар сарын 16-19-ний өдрүүдэд Япон, БНСУ, Герман, Турк улсаас 4 удаагийн тусгай нислэгээр 983 иргэн авчирсан. Тэднийг 10 эмнэлэг, сувилал, зочид буудалд байрлуулсан. Тэд ОБЕГ-ын дансанд нийт 770 сая төгрөг тушааж, төвлөрүүлсэн. Одоогийн байдлаар бид 8 байгууллагад 460.1 сая төгрөг шилжүүлээд байна. Тус нислэгүүдээр ирсэн 8 иргэний төлбөр дутуу байгаа. Одоо нислэгээр ирж буй хүмүүс дунд ч төлбөрөө бүрэн төлөөгүй хүмүүс байгаа. Эдгээр нь янз бүрийн шалтгаантай. Бид хойноос нь ажиллаж байгаа" хэмээн Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд мэдээлэл өглөө.