Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэр дэвшигч нас барсан гэх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрээр ""Сонгуульд нэр дэвшигчид бие биенийхээ биед халдаж, амь насыг нь хохироолоо" гэсэн ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Энэ бол худал мэдээлэл гэдгийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээлж байна. 

Уг хэргийн талаар товч танилцуулахад, 2020 оны 10 дугаар сарын 14-ний 14.10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт машинаар хүн мөргөж, амийг нь хохироолоо гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Сумын цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Урьдчилсан байдлаар 40 настай Б гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийхдээ амь хохирогч М-ийг мөргөж, амийг нь хохироосон нь тогтоогдсон.

Амь хохирогч М нь орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшиж байсан. Хэрэгт холбогдуулан шалгагдаж буй Б нь амь хохирогчтой найз нөхдийн холбоотой, сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байсан хүн гэдэг мэдээлэлтэй байна. 

"Ямар нэгэн байдлаар том маргаан үүсээд бие биенийхээ амь насанд халдлаа" гэдэг мэдээлэл урьдчилсан нөхцөл байдлын хувьд ташаа мэдээлэл. Тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож ухрах үйлдэл хийх үедээ амь хохирогчийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг шалгагдаж байна.

Дээр дурдсан Б гэгч нь найз руугаа утасдаж, ийм золгүй явдал боллоо гэж утсаар ярьсан байна. Тухайн найз нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Хэрэг санаатай болон болгоомжгүйгээс үүдэв үү гэдгийг мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараа тогтооно. Мөн хажууд нь хөндлөнгийн гэрчүүд, хамт явж байсан хүмүүс байгаа. Тэднээс мэдүүлэг авна. Улмаар гэм буруугийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэнэ. 

Уг хэргийн талаар ташаа мэдээлэл гарч буй учир бодит байдлын талаар урьдчилсан мэдээллийг өгч байна" хэмээлээ.