Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар өнөөдөр хоёр Солонгосын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд уулзжээ. Энэ тухай Хөх ордон “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Хоёр Солонгосын удирдагчид хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Эхний уулзалт өнгөрсөн 4 дүгээр сард болсон билээ. Өнөөдөр болсон дээд хэмжээний уулзалт орон нутгийн цагаар 15.00-17.00 цаг хүртэл үргэлжилжээ.

“Өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд баталсан тунхаглалаа хэрэгжүүлж, Умард Солонгос болон АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай явуулах зорилгоор хоёр Солонгосын удирдагчид санал бодлоо нээлттэй солилцлоо” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Юн Ён Чан мэдэгдсэн байна. Дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар Мүн Жэ Ин маргааш мэдэгдэх аж. 

Өнгөрсөн 4 дүгээр сард хийсэн анхны дээд хэмжээний уулзалтынхаа үеэр хоёр Солонгосын удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, Солонгосын хойгт энх тайван байдлыг цогцлоохын төлөө хамтын хүчин чармайлт гаргахаар тохиролцсон юм.


Эх сурвалж: Монцамэ агентлаг