Хотын төвөөс ердөө гуравхан километрт өмхий үнэр, хогонд дарагдсан нүд хальтирмаар газар байна. Тодруулбал Нарантуул захын хойд хаалга буюу олны нэршсэнээр “Мангасын ам”-ыг тойрсон газар.  “Траншейн”-ийхан  тэрүүхэндээ төвхнөсөн нь өмхий ханхалсан гудамжийг үүсгэжээ. Биднийг очиход Нарантуулын арын хаалганы орчимд их хэмжээний өтгөн шингэн холилдсон шавар шалбааг үүсчихсэн байв. Тэр хавиар явах хүмүүс хамар амаа дарцгаан аль болох өтгөн, шингэн бохир дээр гишгэчихгүйг хичээн үсэрч харайж харагдана. Урд талдаа цэмцийтэл цэвэрлэж хаягаа хадсан “Нарантуул”-ын хойхно ийм орчин үүсээд олон жил болж байна. Ойр орчмын иргэд, хорооны удирдлагууд үе үеийн хотын дарга нарт энэ талаар асуудал хүргэж байсан ч сүүлийн хориод жил ганц ч ширхэг гэрлийн шон  босгохгүй өдийг хүрчээ. 

Нарантуул захын хойд хаалга буюу “Мангасын ам”-ны хэсэгт үүсээд байгаа эвгүй үнэртэй шавар шалбааг тойрсон асуудлаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга О.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

           О.Батсайхан: “Мангасын ам”-ны архи уудаг хүмүүс өмхий үнэр таригчид 

-Энэ орчмын үнэр халдварт өвчин үүсгэхээр хэмжээнд хүрчихэж. Иргэдээс үнэртэй холбоотой гомдол хэр ирж байна?

-Үнэр болон хогны асуудалтай холбоотой санал гомдол тасардаггүй. Голдуу тэр орчмын газрыг засуулаач, шээс шивтэрний үнэрийг цэгцлээч гэсэн хүсэлт ирдэг. Нарантуулын хойд хаалга буюу “Мангасын ам” нэршсэн тэр хавиар амьдардаг оршин суугчид бол цонхоо ч онгойлгож чаддаггүй. Үнэр, тоосжилт үнэхээр хүнд.

-Хамгийн сүүлд хэзээ ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн бэ?

- Ариутгалыг иргэдийн хүсэлтээр хийдэг. Хамгийн сүүлд гэвэл өнгөрсөн хавар Нийтлэг үйлчилгээний газрынхан  ариутгал хийсэн.Үер усны үед өтгөн шингэн бороотой нийлж шалбааг болоод тогтчихдог.  Өгөөмөр захын орчимд амьдардаг иргэд тэр шалбааг дундуур туучсаар гэртээ  ирж очдог. Ойрын өдрүүдэд бороо хур их орсон болохоор бүр ч хүнд байдалтай байна. Мөн Нарантуул захын арын хаалгаар орж гарч байгаа бүх хүн энэ эрүүл мэндэд халгаатай бохирдолтой хэсгээр дайран өнгөрч байна.

-Тэр орчмоор өдөртөө хэдэн хүн явж өнгөрдөг вэ?

-“Мангасын ам“-аар дайран өнгөрдөг бас амьдардаг үндсэн оршин суугчид нь 2000 гаруй. Захаар дамжин өнгөрч байгаа хүмүүстэйгээ нийлээд өдөртөө 10 мянган хүн тэр орчмоор явдаг.

-Зам тавих асуудлаар нийслэлд хандсан уу?

-Уг нь тэр үнэртэй газар  500 метр хүрэхгүй. Зам тавьчихвал гэрэл асна, үүнийг дагаад цэгцрээд цэвэрхэн болох нь тодорхой. Хотын удирдлагуудад энэ талаар хэлж байсан ч шийдэж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Манай хороог дахин төлөвлөлтөнд орсон гээд иймэрхүү асуудал дээр мөнгө төсөв гаргаж өгдөггүй юм. 

-Ер нь юу ийм үнэр үүсгээд байна аа?

-“Нарантуул” худалдааны төвийг дагаад амьжиргааны түвшин доогуур хүмүүс их цугладаг. Ялангуяа архины хамааралтай хүмүүс манай хороонд ямар ч бүртгэлгүй боловч “мангас”-ын ам орчмоор суурьшчихсан. Зах орчмоор ачаа зөөж мөнгө олно, мөнгөөрөө архи ууна. Ил задгай бие засах нь энүүхэнд. Анх Нарантуул байгуулагдахад л ирсэн гэж бодоход бараг 20-иод жил энэ орчимд амьдарчихсан байгаа юм. Зөрчил гаргалаа ч  цагдаа нар тавиад явуулчихдаг. Жирийн иргэд ч гэсэн энэ байдалтай эвлэрчихсэн, зарим нь бие засах газар шиг ханддаг.

-Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож болно шүү дээ?

-Одоогийн байдлаар манай хороо хоёр цагдаатай. Нэг нь Төв аймаг руу шүлхий өвчний дайчилгаанд явсан. Нарантуул захыг дагаад хулгай танхайн хэрэг өдөр болгон гардаг. Гэмт хэргийн гаралтаар нийслэл байтугай улсад хамгийн өндөр хороонд тооцогддог болохоор ганц цагдаа хаанаа ч хүрэлцэхгүй байна.


Нарантуулын удирдлагууд хойд хаалгаа нэг ч удаа цэвэрлүүлээгүй

Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар 2”-ын байцаагч Б.Мөнхзулаас  энэ талаар тодруулсан юм. Нийтлэг үйлчилгээнийхэн Нарантуул захын хойд хаалганы орчмыг хариуцан мягмар гариг бүр цэвэрлэж хогийг нь ачдаг юм байна. Энгийн албан байгууллагаас долоо хоногт нэг тонн хүрэхгүй хог хаягдал гардаг бол Нарантуул захын орчмоос арав гаруй тонн хог гардаг аж.  Хог нь үнэртэй бас бохир, хааяа шатсан гэх дуудлага ч өгдөг байна. Тэдний хувьд ажиллахад эрүүл ахуйн талаасаа, ачааллын хувьд ч хамгийн хүнд бэрх нь “Мангасын ам” аж. Ажилчид нь зөвхөн хог хаягдлаас гадна хүний ялгадасыг хүртэл түүж цэвэрлэдэг гэнэ. Хэт бохирдолтой учраас Нийтлэг үйлчилгээний газраас хогны машинаа цэвэрлэдэг бодисноос илүүчилж тэр орчимд асгадаг юм байна. Баянзүрх дүүргийн  14 дүгээр хорооны  хог тээврийн асуудлыг хариуцан ажилладаг байцаагч Б.Мөнхзул  “Дөнгөж цэвэрлээд эргээд харахад хогоор дүүрчихдэг. Хур их хог, нэвширсэн  үнэртэй өтгөн шингэнийг цэвэрлэх асуудлаар Нарантуул олон улсын худалдааны төвийн удирдлагуудад хэд хэдэн удаа хандаж байсан.  Гэвч нэг ч удаа цэвэрлэж байгаагүй. Уг нь аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа газрынхаа эргэн тойрныг цэвэрлэх ариутгах үүрэгтэй” гэсэн юм. 


Мэргэжлийн хяналтын хатуу хяналт хаана явна вэ?

Энэ асуудлын мөрөөр мэргэжлийн хяналтынхантай холбогдох гэсэн боловч хариуцсан мэргэжилтэн нь ээлжийн амралтаа авсан байв. Ийм шалтгаанаар Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын Хүнсний чанар хариуцсан байцаагч Х.Оюунбатаас зарим зүйлийг тодруулсан юм. Түүний хувьд тус хороог хариуцсан байцаагчболовч  ил задгай худалдаа хариуцдаг аж. Нарантуулын хойд хэсгээр хяналт шалгалт хийдэг эсэхийг тодруулахад “Бид төлөвлөгөөт шалгалт хийдэг. Өнгөрсөн хавраас хойш дахин шалгаагүй. Тэгээд ч бид хийх ажилгүй хүмүүс биш шүү дээ” гэсэн хариулт өгч байлаа. Тэр хавийн иргэд мэргэжлийн хяналтынханд ханддаг ч Нарантуулынхнаас мөнгө авчихаад хөдөлж өгдөггүй гэцгээж байсан юм. 


                                  Х.Амраа: Хүүхдээ гадаа тоглуулахаас айдаг


Биднийг сурвалжлагаар явж байхад хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хорооны өрхийн эмнэлэг рүү явж байлаа. “Мангасын ам”-тай ойрхон газар оршин суудаг гэх Х.Амараагаас ямар нөхцөлд амьдардгийг нь сонирхсон юм. 

-Энд хэдэн жил амьдарч байна вэ?

-Арваад жил болж байна. Анх ирэхэд л энэ орчимд архичид үүрлэчихсэн байсан. Одоо ч хэвээрээ. Уг нь том худалдааны төвтэй болохоор хоол хүнсээ харьцангуй хямд авчихдаг, унаандаа ойр гээд давуу талууд бий л дээ. 

-Энэ хавийн орчин нэлээн хүнд харагдаж байна шүү?

-Манайх Нарантуул захын чанх ард байдаг. Цонхоо онгойлгохоор шээс шивтэр үнэртдэг болохоор ямар ч халуун үед цонхоо нээдэггүй.  Ийм заваан орчинд хүүхдүүдээ гаргалтай биш. Амралтын өдрөөр л  хотоос зайдуу гардаг.  “Мангасын ам”-ны хог түүдэг хүмүүсээс айгаад хүүхдүүдээ гадаа тоглуулах тухай боддог ч үгүй. Орчноосоо шалтгаалдаг юм уу хүүхэд ханиад томуунаас ер салахгүй юм. 

-Өрхийн эмнэлэг явахдаа дандаа усны гутал өмсдөг үү?

-Бороо орсон үед өтгөн шингэнтэй шалбаагнаас хамгаалж усны гутал өмсдөг. Жирийн үед ч энэ орчмоор явахдаа хамгийн муу гутлаа өмсөхгүй бол муухай болчихдог юм.  Хүүхдээ бол тэвэрч л явна шүү дээ. Шалбааг гатлуулбал гэдэсний халдварт өвчин тусах байх.