УИХ-ын гишүүн асан, Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү өнгөрсөн оны 5 дугаар сарын 17-нд Төрийн ордонд нас барсан. Уг хэрэгтэй холбоотойгоор талийгаачийн хүү Б.Ганхүлэг, охин Б.Цэлмэг, өмгөөлөгч н.Батхуяг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр хуульч, өмгөөлөгч н.Батхуяг "Хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд талийгаачийн ар гэрийнхнээс ямар ч мэдээлэл хийгээгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар ян бүрийн мэдээлэл явсан. Энэ бүхэн ар гэрийнхэн нь хүлээцтэй хандсан. Сүүлийн үед хэргийг улс төртэй хутгах, улс төрд ашиглах байдал илт болж байна. Тиймээс бид өөрсдөдөө байгаа үнэн зөв мэдээллийг хүргэе. 

Шүүх эмнэлгийн дүгнэлт "Талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралт, ухархайн дээд хананд хугарал үүссэн" гэж байна. Задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 7*0.5 см урттай улайлт үүссэн байсан. Энэ нь боолтын улмаас үүсэх боломжтой юм.

Дүгнэлтээр "Өвчний улмаас цус харваагүй. Гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн байна" гэж гарсан. Энэ хэрэгт холбоотойгоор УИХ-ын нэр бүхий гишүүнээс полиграфийн буюу үнэн худлыг шалгах багажаар тест авсан. Тус тестийн дүгнэлт "Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр" гэж гарсан байна. 

Хэргийн газарт үзлэг хийх явцад талийгаачийн ашиглаж байсан гар утсыг хураан авсан байдаг. Уг гар утсыг хурааж аваад, үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид хүлээлгэж өгсөн. Гар утсыг хүлээ аваад шинжилгээний дүгнэлттэй танилцахад гар утас дээр ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Үйлдвэрээс шинэ гар утас худалдаж авахад ямар байдаг билээ, утас яг тийм болсон байсан. Шинжилгээний дүн "Гар утсанд ямар нэгэн мэдээлэл байхгүй, сэргээх боломжгүй байна" гэсэн байсан. 

Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд хэргийн талаар "Би харсан. Надад 13 секундын бичлэг байгаа" гэж мэссэж бичсэн. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Гэтэл одоо тэр хүн "Энэ хэргийн талаар би мэдэхгүй, хараагүй" гээд өөр хэрэгт шалгагдаж буй юм билээ. Энэ бас л эргэлзэх асуудал. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр янз бүрийн асуудал байсан. Ялангуяа шүүх эмнэлэгтэй холбоотой. Задлан шинжилгээ хийхийн өмнө талийгаачийн ар гэрийн зүгээс "имран аппаратад оруулъя, рентген зурах авахуулъя" гэхэд шүүх эмнэлэг хүлээж аваагүй. Улмаар оношийг дутуу тавьсан, шинжилгээг дутуу хийсэн нь тогтоогдсон. Бид эрхийнхээ дагуу дүгнэлттэй танилцахад л ийм байна. 

Эхлээд гар утасны гадаргуу дээр хурууны хээ, биологийн ул мөр байна уу гэдгийг шинжилгээнд явуулж тогтоох ёстой. Гэтэл үүнээс өмнө дотор нь юу байна вэ гэдэг дээр шинжээч томилчихсон. Доторхыг нь үзэхийн тулд утасны гадаргуутай харьцах нь тодорхой. Тэгэхээр өмнө нь байсан хурууны хээ арилах боломжтой. Мөрдөн шалгах ажиллагааны иймэрхүү зөрчил, эргэлзээтэй байдлууд байна" хэмээн мэдээллээ.

Талийгаачийн хүү Б.Ганхүлэгийн яриаг ЭНД дарж уншина уу.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.