ВАШИНГТОН. /TASS/.  “Умардын урсгал-2” зэрэг ОХУ-ын дамжуулах хоолойг далайгаар тавих төслүүдэд оролцож буй компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг АНУ-ын сенатчид боловсруулжээ.

Ийм төслийг Техас муж улсаас Сенатын танхимд сонгогдсон, Бүгд Найрамдах намын гишүүн Тед Круз, Нью-Хэмпшир муж улсаас Сенатад сонгогдсон, Ардчилсан намын гишүүн Жин Шахин нар боловсруулсан тухай “Foreign Policy” сэтгүүл мэдээлсэн байна.

“Умардын урсгал-2” төслийг хэрэгжүүлэхэд хөлөг онгоцоо худалдаж байгаа эсвэл түрээслүүлж буй хүмүүсийг  АНУ-ын нутаг дэвсгэрт зорчихыг хориглох, тус улс дахь хөрөнгийг нь битүүмжлэхийг Сенатын гишүүд санал болгож байгаа аж. Үүнээс гадна, санхүүгийн эсвэл техникийн дэмжлэг үзүүлж буй, мөн ийм хөлөг онгоцуудын даатгалыг хариуцаж буй компаниудад хориг тогтооно.

Америкийн хууль тогтоогчид Швейцарын гүйцэтгэгч компани болох “Allseas”, “Умардын урсгал-2” төсөлд зориулж хоолой тавьж байгаа Италийн “Saipem” гэсэн барилгын хоёр компанийн үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулахаар төлөвлөжээ.


ОХУ-аас Европ рүү хий дамжуулах шинэ хоолой тавихыг АНУ эрс эсэргүүцэж байгаа юм. "Умардын урсгал-2" төсөл болон эл төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй Европын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авна гэж Вашингтон нэг бус удаа мэдэгдсэн билээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг