АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг нэг жилээр сунгах шийдвэр гаргажээ.

Ингэснээр Умард Солонгосын эсрэг 2008, 2010, 2011, 2015, 2016 болон 2017 онуудад авч байсан хориг арга хэмжээнүүд хүчин төгөлдөр хэвээр үлдэж байна гэсэн үг юм. Эдгээр хориг арга хэмжээ нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг чиглэгдэхийн сацуу хүний эрх зөрчих, кибер халдлага үйлдэх, мөнгө угаах зэрэг Умард Солонгосын эрх баригчдын зүгээс гаргасан байж болзошгүй бусад зөрчлийн эсрэг чиглэсэн байдаг.

Умард Солонгос цөмийн зэвсгээсээ ангижирвал тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах боломжийг Д.Трамп үгүйсгэхгүй байгаа юм. Гэсэн хэдий ч цөмийн зэвсгээсээ эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзсан тохиолдолд л хориг арга хэмжээнүүдийг цуцалж эхлэх бодолтой байгаа юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг