Ирэх сард Умард Солонгос үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиох бөгөөд үүнтэй холбогдуулан тус улс томоохон хэмжээний цэргийн парад зохион байгуулах гэж байгааг хиймэл дагуулын зургаас харлаа гэж АНУ-ын судалгааны баг мэдэгдэв.

Тус баг уг мэдээллийг өөрийн "38 North" цахим хуудсандаа байршуулсан байна.

Умард Солонгос үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ ирэх сарын 9-нд болох юм.

“120 орчим цэргийн техникээс бүрдсэн парад байгууламжийн замаар явж байна. Үүний зэрэгцээ тэдгээр техникийн дунд “Scud” ангиллын пуужин тээвэрлэгч, хөөргөгч машин байна” гэж судлаачид мэдээлэлд дурджээ.

Мөн энэ сарын 12-ноос хойш хүнд тоног төхөөрөмж хадгалах талбайд баригдсан байрнуудын тоо нэмэгдсэн байгаагаас үзвэл энэ удаагийн цэргийн парад өнгөрсөн хоёрдугаар сард болсон парадаас том хэмжээтэй болох төлөвтэй байна гэж судлаачид үзжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг