Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Мөнхбаясах кэйсинг” ХХК-ийн “Өлөн боловсруулах үйлдвэр”-т үйлдвэрлэлийн осол гарсан байна. Ослын улмаас өлөнгийн өнгөр чанах 3.5х2.5 метрийн хэмжээтэй тогоонд тус үйлдвэрийн ажилтан 44 настай иргэн Б, БНХАУ-ын 36 настай иргэн, 34 настай эрэгтэй нар унасан байна. 

Уг дуудлагыг өчигдөр өдрийн 14:23 цагт хүлээн авсан аж.

Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 34 км замыг туулан 14:48 цагт очиход иргэн Б, Ш, Л нарыг тогооноос тус үйлдвэрийн ажилчид гаргасан байсан. 

Эдгээр иргэдийн биеийн байдал хүнд, хордож ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ХЯТҮТ-ийн их эмч  С.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгсөн аж.

ХЯТҮТ-ийн их эмч Н.Чингүүлээс эдгээр иргэдийн талаар тодруулахад иргэн Б, Л нарын биеийн байдал хүнд, ухаангүй, иргэн Ш ухаан орсон, биеийн байдал хүндэвтэр, мөн тус үйлдвэрийн ажилтан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны харьяат З /27 настай, эрэгтэй/, Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат М /36 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал дунд зэрэг байгаа гэлээ.