Өлзийт хороолол буюу ХУД-ийн XIV хорооны 165 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгын ажил Улсын төсвийн 1.8 тэрбумын хөрөнгө оруулалттайгаар өмнөх оны зургадугаар сард эхэлсэн байна. 

Сонгон шалгаруулалтад “Хангайн Хятруун” компани шалгарч барилгын ажлыг эхлүүлжээ.

Гэтэл төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй энэхүү барилгад барилга угсралтын олон тооны алдаа гарсныг мэргэжлийн хяналтын байцаагч илрүүлсэн байна.

Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч "Энэ орчмынхон шинэ цэцэрлэгтэй болох нь гээд баярлаж байсан юм. Гэтэл  Мэргэжлийн хяналтын байцаагчид ирээд ханыг нь хөнгөхөн цохиход хана нь нурчихсан гэсэн. Харамсалтай байна" хэмээн ярьжээ.МХГ-ын байцаагчийн авсан гэрэл зургийг ашиглав

Үүнд:

• Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ барилгын баримт бичгийн бүрдэл дутуу;

• Холбогдох тэмдэглэл, ил далд ажлын актыг тухай бүр баталгаажуулсан эсэх, шаардлага хангасан материал хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй;

• Барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр ажлыг гүйцэтгэсэн,

• Талбайн зохион байгуулалтгүй, хог ихтэй, эмх цэгцгүй;

• Цутгамал төмөр бетон хучилт, дам нуруунуудыг рамын ригель, баганатай хамт нэгэн зэрэг тасралтгүй цутгахдаа багануудын орой хэсэгт ажлын арматурууд хомутын хамт ил гарсан зэрэг нь зөвшөөрөгдөх алдаанаас хэтэрсэн;

• Технологийн алдаа, гажиг согогтой, дам нуруунуудын хамгаалалтын үе алдагдсан;

• Хольцыг хэвэнд цутгахын өмнө дээж авсан эсэх, цутгагдах чанарыг хэмжсэн эсэх тодорхойгүй;

• Каркасын ажлыг норм дүрмын дагуу гүйцэтгээгүй, зураг төсөл зөрчсөн зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн;


Иймд улсын байцаагчийн актаар барилга угсралтаар зогсоож, “Зөрчлийн тухай” хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг авч, барагдууллаа.


Мөн БСШУСЯ, НХОГ, Барилга хөгжлийн төвийн холбогдох албаныханд тус барилгын талаар товч танилцуулга хийж мэдэгдлээ. Улмаар илрүүлсэн зөрчлийг арилгуулах зорилгоор ШУТИС-ийн дэргэдэх “Реконстракшн” ХХК-иар төмөрбетон бүтээцийн бетоны бат бэх, согогыг шалгуулж зөвлөмж гаргуулан, дүгнэлт бичиж, хүчитгэлийн ажлын зураг төслийг боловсруулсан байна.


БСШУСЯ-ны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 16/5308 дугаартай албан бичгээр угсралтын ажлыг “Хангайн Хятруун” ХХК-аар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр ирүүлсэн хүсэлт ирүүлсэн тул гүйцэтгэлийн хяналтыг хийж, улсын байцаагчийн “Актын үйлчлэлийг дуусгавар болгох тухай” акт гаргаж хүчитгэл бэхэлгээний ажлыг эхлүүллээ.