Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг 8 дугаар сарын 31-нийг дуустал сунгах нь зүйтэй гэж үзлээ.

Шийдвэрийн талаар Онгой байдлын ерөнхий газрын дарга "Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 16.4 сая хүн коронавирусээр өвчилж, 660 мянга гаруй хүн нас барсан байна. Үүний улмаас улс орнууд тодорхой арга хэмжээ авч, 35 улс онц байдал зарласан, 22 улс хөл хорио тогтоосон, 88 улс хилээ хэсэгчлэн болон урт хугацаагаар хаасан байгаа. Манай улстай хиллэдэг БНХАУ-д сүүлийн өдрүүдэд хоногт шинээр 160-180 тохиолдол нэмэгдэж байна. Харин ОХУ-д хоногт 4000-6000 хүн шинээр өвчилж байна. Мөн манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тува мужуудад 4000-12.000 хүн коронавирусээр өвчилж, 200 гаруй хүн нас барсан.

Монгол Улсад коронавирусийн нийт 289 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 222 нь эмчлэгдсэн. Бүртгэгдсэн өвчлөлийн 73.8 хувь нь ОХУ-д сурч, ажиллаж, амьдарч байсан хүмүүс байна. Эдгэрээд сувилалд шилжсэн 23 хүнээс дахин коронавирус илэрсэн. Энэ нь өвчлөл манай улсад тархах эрсдлийг нэмэгдүүлж байна. 

Мөн байгууллага дундын мэргэжлийн баг эрсдлийн үнэлгээ хийхэд хүн амын дунд коронавирус тархах эрсдэл өндөр байна гэсэн дүгнэлт гарсан. Хөл хорионы дэглэмээ сулруулсан зарим оронд өвчлөл дахин нэмэгдэж буй тохиолдол ч олон байна.

Эдгээр гадаад, дотоодын нөхцөл байдлыг авч үзэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг цаашид сунгаж, 8 дугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Уг асуудлаар Засгийн газар маргааш хуралдаж, эцсийн шийдвэр гаргана" хэмээлээ.

Засгийн газрын өмнөх шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг 7 дугаар сарын 31-нийг дуустал сунгасан юм.