Улсын Онцгой комиссийн өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Улсын онцгой комиссын гишүүн Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрээр "ОХУ-тай хиллэж буй хил, боомтуудаар Зам, тээврийн хөгжил болон Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ажилласан. Тус гурван ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. Мөн Гадаад хэргийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг санал дүгнэлтээ танилцуулсан.

Улмаар эрсдлийг үндэслээд ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг 2020 оны 11 дүгээр сарын16-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хаах саналаа Засгийн газрын маргаашийн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. 

Учир нь Алтанбулаг боомтоор орж ирсэн нийт 40 орчим жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн. Тэд Монгол, ОХУ, Блерусь улсын иргэд бөгөөд 3 нь өөрийн хүсэлтээр нутаг буцсан. Жолооч нарыг тэр холоос ХӨСҮТ-д авчирч эмчлэхэд тээвэрлэлтийн явц болон бусад халдвар хамгааллын дэглэм алдагдаж, эрсдэл учрахвий гэдэг эрсдлийг үндэслэж, Алтанбулаг боомтоор хоёр сарын хугацаанд ачаа тээвэрлэлтийг хаах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргалаа. Тус боомтоор иргэдээ татах хөдөлгөөнийг бол хаагаагүй. Эцсийн шийдвэрийг Засгийн газар маргааш гаргана. 

Мөн ОХУ-тай хиллэдэг бусад боомтыг 11 дүгээр сарын 16-наас эхлэн түр хаах саналыг гаргасан. Баян-Өлгийн аймгаар хиллэж байгаа баруун аймгуудын бензин шатахууны суурь үнэд нөлөөлж байгаа нефтийн бүтээгдэхүүний импорттой холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг гарагийн зохицуулалтаар буюу сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт ачаа тээвэр нэвтрүүлж байх зохицуулалтыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо" хэмээлээ.

Мөн тэрээр "Алтанбулаг боомтыг хаах хоёр сарын хугацаанд өвлийн улиралд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах, хилийн бүсэд ажиллаж байгаа алба хаагчдын өвлийн хамгаалалтын хувцаснаас авахуулаад тээврийн жолооч нар халдвартай орж ирж буй эрсдлийг бууруулах чиглэлээр ажиллана. 

Энэ талаар ОХУ-ын төмөр замын ачаа тээврийнхэнтэй уулзаж, ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэх, сэлгэж ачих, өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөхгүй талаас судалгаа хийж Алтанбулаг чөлөөт бүс байгуулна. Тус бүсэд ОХУ-ын ачаа тээвэр орж ирсэн тохиолдолд нааш нь сэлгэж ачиж, төмөр замаар тээвэрлэх зохицуулалтыг хийнэ. Хил хаах хугацаанд үүний бэлтгэл ажлыг хойд хөрштэй хамтран хийнэ" гэв.