Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр хийсэн мэдээллээр сүүлийн 24 цагт нийт 3301 хүнд шинжилгээ хийхэд 27 хүнээс коронавирус илэрчээ. 20 нь Сэлэнгэ аймагт, 6 нь Улаанбаатарт, 1 нь Дорноговь аймагт илэрсэн бөгөөд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлууд байна.

Улмаар дотоодод илэрсэн тохиолдол нийт 262, Монгол Улсад бүртгэгдсэн нийт өвчлөлийн тоо 699 болжээ.

Коронавирусийн халдвар дотоодод илэрсэнтэй холбоотойгоор нийслэл болон аймгуудад шинээр нээсэн коронавирусийн шинжилгээ авах цэгүүд, зарим өрхийн эмнэлгүүдэд иргэдийн шинжилгээг авч байгаа.

Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Улсын хэмжээнд коронавирусийн оношлогооны цэгүүдээр нийт 80.779 хүн үйлчлүүлж, шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариу нь гарсан 66.132 хүний хариу бүгд сөрөг гарсан. Үлдсэн хүмүүсийн шинжилгээ хийгдэж байна. 

Нийслэлд өвчлөл голомтлон гарч буйтай холбоотойгоор ЗӨСҮТ-ийн хоёр баг голомтод ажиллаж, 12.600 м/кв талбайд голомтын эцсийн ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн. 

Тусгай дугаарын гурван утас руу нийт 7738 хүн залгаж, коронавирусийн халдварын талаарх зөвлөмж авч, мэдээлэл авсан" хэмээн мэдээллээ.


Коронавирусийн шинжилгээ өгөх заавар болон шинжилгээний цэгүүдийн байршлыг ЭНД дарж харна уу.