“Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан энэ сарын 6-нд болж Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн билээ. Барилдааны дөрвийн даваанд Улсын харцага Б.Бат-Өлзийг аймгийн арслан Э.Сумъяабат давж, шөвгийн 16-д үлдсэн юм. 

Энэ үеэр Б.Бат-Өлзий харцага бухимдан Э.Сумъяабатыг өшиглөхийг завдсан нь бөх сонирхогчдын бухимдлыг төрүүлж багагүй шүүмжлэл хүртээд буй. 

Бөхийн холбооноос түүнийг зохисгүй үйлдэл гаргасан гэж үзэн давааны мөнгийг нь хураажээ. Мөн дахин зохисгүй үйлдэл гаргавал барилдах эрхийг нь хасах сануулга өгчээ. 

Энэ талаар ам нээгээгүй явсан тэрбээр өчигдөр өөрийн фэйсбүүк хуудастаа тайлбар хийж уучлал хүссэн байна. Улсын харцага Б.Бат-Өлзий "Сайн байцгаана уу. Би Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий байна. 2019 оны 05 дугаар 05-нд болсон арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны дөрвийн даваанд Булган аймгийн арслан Сумъяабаттай таарч барилдааны явцад миний тохой хүрсэн боловч, дахин гуд татсан. Энэ үйлдэлд бухимдан зохисгүй үйлдэл гаргасандаа Монголын бөх сонирхогч нийт ард түмнээсээ уучлал хүсэж байна" гэжээ.

Баярхүүгийн Бат-Өлзий нь Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх. 1993 оны 4 сарын 5-нд төрсөн. 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам Улсын начин Б.Амарзаяагаар тав, аймгийн арслан Д.Анараар зургаа даван шөвгөрч Монгол улсын харцага цол хүртсэн билээ.