Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын төрсөн өдрийг тохиолдуулан ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко, Холбооны хурлын Төрийн Думын дарга, ноён В.В.Володин нар баярын мэндчилгээ ирүүлжээ. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам мэндчилгээ дэвшүүлсэн байна. Баярын мэндчилгээнүүдийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өнөөдөр (2020.03.06) УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж, баяр хүргэлээ.

Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Төрийн Думын дарга В.В.Володин нарын баярын мэндчилгээндманай хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээрх Таны хүчин чармайлт Орос, Монголын хооронд иж бүрэн стратегийн түншлэл, сайн хөршийн найрамдалт хэлхээ холбоогоо бэхжүүлэх, хоёр талын болон олон улсын харилцааны амин чухал асуудлаар парламент хоорондын яриа хэлэлцээг цаашид бататган бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Парламент хоорондын хамтын ажиллагааны хөгжил нь Орос, Монголын Стратегийн түншлэл, найрсаг харилцааг хоёр орны иргэдийн тусын тулд өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд түлхэц үзүүлэх болно хэмээн тэмдэглэсэн байна.ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны баярын мэндчилгээнд“Та улс орныхоо удирдлагын түвшинд янз бүрийн алба тушаал хашиж байхдаа баялаг туршлага хуримтлуулжээ. Улс төрийн намын удирдагчийн үйл ажиллагаа, Гадаад харилцааны сайдын үүрэгт алба, УИХ-ын даргын өндөр албан тушаалд ажиллахдаа Та томоохон амжилтуудад хүрсэн билээ. Шатарчны хурц ухаан, шинжлэх ухаанд шимтэн дурлах сэтгэл, удирдагчийн манлайлал, зохиогчийн авьяас гэх мэт олон талын чадвар тань Монгол Улсын түүхэнд тод мөрийг үлдээх нь дамжиггүй. Улс орноо гэсэн зүтгэл хөдөлмөр, ард түмнийхээ амьдралыг сайжруулахын төлөөх зорилго эрмэлзэл, хүмүүст тавьдаг анхаарал халамжийг тань Монгол Улсад төдийгүй түнш улс орнуудад ч өндрөөр үнэлдэг билээ. Таны цэгцтэй бодлого, алсын хараа, ямар ч өргийг хэдхэн нүүдлийн дараа амжилтад хүргэх чадвар тань Монгол Улсад парламентаризмыг тогтвортой, урагшлуулан хөгжүүлэх баталгаа болно гэдэгт итгэж байна” гэжээ.