Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, мялаалга наадам энэ сарын 18-ны өдөр болохоор товлогдоод байсан билээ.

Аваргын мялаалга наадамд зориулан 128 бөх барилдаж, их нас, соёолон, дааганы уралдаан болж, үндэсний бөхөөр хичээллэдэг 300 хүүхдийн жагсаал хийхээр бэлтгэл хийж байсан ч Үндэсний баяр наадмын зохион байгуулах хорооноос яригдаж хоёр бөхөөс илэрсэн допингийн шинжил­гээний асуудлын улмаас хойшлоод байгаа аж.

Одоогоор Улсын аварга Э.Оюунболд болон түүний багш Б.Бат-Эрдэнэ нар албан ёсоор тайлбар, мэдэгдэл хийгээгүй хэвээр байгаа юм.

Баяр наадмыг зохион байгуулах хорооноос бөхчүүдийн шийдвэрийг харж, “В” сорьцыг шинжлүүлэхгүй гэвэл албан ёсны мэдээллийг наймдугаар сарын 19-нд мэдээлнэ гэсэн билээ.