Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 138, төрийн бус өмчийн 99 буюу нийт 275 сургуулийн 1-5 дугаар ангийн 170.000 орчим сурагч "Үдийн цай" хөтөлбөрт хамрагдаж байна. Одоогийн байдлаар дээрх 275 сургуулийн 237-д нь үдийн цайны хяналт шалгалт хийжээ. 

Лабораторын үнэлгээтэй тус хяналт шалгалтын явцад зөрчил дутагдалтай байсан 35 иргэн, аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 15.5 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байна. 

Мэдээллийн үеэр НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Зарим зөрчил дутагдал арилахгүй байна. 2021 оноос үдийн цай хөтөлбөр үдийн хоол болж хэрэгжинэ. Иймд дараах хэд хэдэн зүйлийн анхаарах шаардлагатай байна.

1. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 74 нь буюу 53.6 хувь нь зориулалтын, 59 нь буюу 42.7 хувь нь зориулалтын бус шаардлага хангахгүй цайна газартай байна. Төрийн бус өмчийн 117 сургуулийн 21 нь буюу 23.3 хувь нь зориулалтын, 62 хувь ажлын байрны шаардлага хангахгүй цайны газартай байна.

Тухайлбал, Төрийн өмчийн Хан-Уул дүүргийн 7, 10, 15, 18, 32, 34 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, 5, 117, 50, 72 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 107, 9, 42, 34 дүгээр сургууль, Баянзүрх дүүргийн Баянзүрх-Шавь цогцолбор, 102, 53, 79, Сүхбаатар дүүргийн 45, 71 зэрэг нийт 59 сургууль зориулалтын бус цайны газартай байна.

2. Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжүүлэхдээ тухайн хоол үйлдвэрлэгч нь хүнсний тухай хууль, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулиар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулсныхаа дараа үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл хуульд заасан энэ үүргээ хэрэгжүүлэхгүй газрууд байна. Хяналт шалгалтад хамрагдсан нийт цайны газрын 67 нь буюу 28.2 хувь нь мэргэжлийн хяналтын байгууллагаар дээрх дүгнэлтийг гаргуулахгүйгээр ажиллаж байсан.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 39, 50, 117, 138, 140 дүгээр сургууль, Баянзүрх дүүргийн 126, 87, 137, Сүхбаатар дүүргийн 71, Шинэ зууны удирдагч, Үй Цай сургууль, Баянгол дүүргийн Жишиг эрдэм сургууль, Хан-Уул дүүргийн 10, Эрдмийн гүүр гэх зэрэг төрийн болон төрийн бус сургуулиуд мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй үйл ажиллагаа явуулсан. 

3. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авчирч үйдийн цайгаа хийх ёстой. Шалгалтад хамрагдсан нийт сургуулийн 90 нь буюу 37,9 хувь нь энэ шаардлагыг хангаагүй, зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байна.

 Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 138, 117, Баянгол дүүргийн Жишиг эрдэм гэх мэт сургуулиуд.

4. Нийт сургуулийн 75 нь буюу 36.6 хувь нь хүнс хадгалах нөхцөл хангалтгүй, хүнсний агуулахгүй, хүнс агуулах зориулалтын сав хэрэгсэлгүй, хөргүүрний дутагдалтай байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 50, 17, 57, 130, 138 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн Америк сургууль, 7, 10, 15, 18, 116 гэх мэт сургуулиуд.

5. Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний бичиг, бэлтгэн нийлүүлэгчидтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй, бүртгэл хөтлөлт хангалтгүй зөрчил 50 сургуульд илэрсэн. 

6. Сургууль бүрт үдийн цайнд хяналт тавих эцэг эх, сургуулийн удирдлагаас бүрдсэн хяналтын зөвлөл байх ёстой. Гэтэл хяналтын зөвлөл хангалтгүй ажиллаж байна" гэдгийг онцлон хэллээ.