Улсын хэмжээнд энэ жил 497 мянган га талбайд тариалалт хийсэн. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад ойролцоогоор 2 дахин их ургац хураан авах төлөвтэй байгааг ургацын урьдчилсан балансаар тогтоогдоод байгаа.

Энэ сараас улс орон даяар ургац хураалтын ажил жигдэрч эхлэнэ гэж ХХААХҮЯ-аас мэдээлэв. Энэ сарын 6-нд ОХУ-аас оруулж ирсэн газар тариалангийн зориулалт бүхий 20 гаруй нэр төрлийн 200 орчим шинэ техник, тоног төхөөрөмж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх салбарт эгнэжээ. Эдгээр тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд жилийн 4,62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгож байгаа юм.

Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод аймгийн тариаланчид өндөр хүчин чадалтай Акрос 585, вектор 410 үр тарианы комбайнаар техникээ шинэчиллээ. Ийнхүү тариаланчид ургацаа технологийн дагуу богино хугацаанд амжилттай хураан авах техник тоног төхөөрөмжийн бэлтгэлээ бүрэн хангасан учраас ургацын талбай руугаа замдаа гарлаа.  

Акрос 585 (хүчин чадал: 280 м.х.9 м жатка), вектор 410 (210 м.х 7 м жатка подборщикны хамт) үр тарианы комбайн нь 1,000 га-гаас дээш талбайд тариалалт хийдэг аж ахуйн нэгжид илүү тохиромжтой. Монгол орны онцлогт тохирсон. Түлшний сав том учраас 16 цаг тасралтгүй ажиллана, ажлын бүтээмж өндөр, пункерийн багтаамж ихтэй тул их хэмжээний буудай нөөцлөхөд тохиромжтой. 10 жилийн хугацаанд тухай бүрд засвар үйлчилгээ хийгээд явахад эдэлгээ удаан, чанартай, баталгаатай гэдгийг мэргэжилтэн хэлж байна. Жолоодоход эвтэйхэн, хурд хүч сайтай, комбайны кабинаасаа оператор үр тариаг хаягдал хураах, алдагдлаа тооцох, тохируулга хийх боломжтой гэдгийг онцолсон юм.